Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хатан Хааны Белфаст их сургуультай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, хүний нөөцийг чадавхижуулах, хамтран судалгаа, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж нээгдэж байна.
Хатан Хааны Белфаст их сургуулийн харьяа Дэлхийн Хүнсний Аюулгүй Байдлын Хүрээлэн нь НҮБ-ын Олон улсын Атомын энергийн агентлагийн хамтын ажиллагааны төв бөгөөд хүнсний баталгаат байдал, аюулгүй байдал, ул мөрийг хянах чадвараараа Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Мөн тус хүрээлэнгийн харьяа ASSET Технологийн Төв нь Их Британийн үндэсний хэмжилтийн лабораторитой хамтран хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг шалгах лабораторийн үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд Их Британийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний баталгаат байдлын сүлжээний Мэргэжлийн төвийн нэг юм.
Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэл өгч, дэмжлэг үзүүлж буй Монгол улсын Шадар Сайд С.Амарсайхан болон Шадар сайдын ажлын алба, Гадаад харилцааны яам, Стандарт, хэмжилзүйн газар, дэмжиж хамтран ажиллаж буй Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фиона Блайт, Умард Ирландын Худалдаа хөрөнгө оруулалтын Азийн бүсийн захирал Ричард Сеймур, Их Британий элчин сайдын яамны ахлах зөвлөх С.Онон нарт талархал илэрхийлье.