“Маамуу нааш ир, манайд хоёулаа тоглоё” энэ өгүүлбэрийг уншихдаа та аялж, дуулж уншсан гэдэгт итгэлтэй байна. Монгол хүн бүрийн аманд аялагдсан мартагдашгүй гайхалтай дуу шүү дээ. Бидний хамгийн анх сурсан дуу гэвэл яалт ч үгүй энэ дуу. Тэгвэл өнөөдөр буюу 10 сарын 25-ны өдөр нь “Маамуу нааш ир” дууг олны хүртээл болгосон өдөр юм. Одоогоос 68 жилийн өмнө буюу 1956 онд энэ дуу Монгол даяар тархсан юм. Сэтгэлд хоногшсон дууны үгийг нэрт яруу найрагч Ч.Лхамсүрэн, аяыг Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав нар зохиожээ.
Хүнд үг, нүсэр айзамгүй ямар ч хүүхэд хэд сонсоод л сурах яг л хүүхдэд зориулсан дуу бүтсэн түүхээс гэвэл Д.Лувсаншарав гуай Москвагийн хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа амралтаараа гэртээ иржээ. Тэгэхэд хашаанд амьдардаг байсан учир гадаа тоглох хүүхдүүдийн дуулж буй сонсоход том хүний дуу байсан гэдэг. Хүүхдэд ойр, дуулахад хялбар ямар дуу байж болох вэ гэж бодож найз Ч.Лхамсүрэнд хэлж шүлэг зохиолгож, мандалин хөгжим дээр ая зохиосноор өнөөдрийн бидний мэдэх “Маамуу нааш ир” дуу бүтжээ. Энэ дууны анхны сонсогч нь Д.Лувсаншарав гуайн охин МУСТА, СУИС-ийн хүндэт профессор Л.Халиунсүрэн байжээ.
Одоогоос найман жилийн өмнө дууны 60 жилийн ойгоор цэцэрлэгийн насны хүүхдүүд бүгд нэг цагт “Маамуу нааш ир” дууг дуулж хүндэтгэл хүртэл үзүүлж байжээ. Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав гэж хэн бэ? 1927 оны зургаадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Д.Лувсаншарав бичиг үсгийн багш, жолоочийн ажил хийж яваад 1942 онд Хэнтий аймгийн клубт орж хөгжимчин, жүжигчин, найруулагчаар ажиллажээ. Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд 1953 онд Улсын гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байдаг. 2014 онд буюу 87 насандаа бурхны оронд дэвшсэн байдаг. Харин нэрт найруулагч Чойжилжавын Лхамсүрэн нь 1911 онд өнөөгийн Баянхонгор аймгийн Баацагаан суманд мэндэлж,1930-аад оны сүүлч үед Худалдааны техникумд суралцаж, энэ үеэс уран бүтээлээ эхэлжээ. 1938 онд анхны бүтээл “Хороос хамгаалах эмнэлэг” шүлэг нь “Үнэн” сонинд хэвлэгдсэн.
Төр засаг түүний уран бүтээлийг өндрөөр үнэлэн “Маамуу нааш ир” шүлэг, “Хүрэн морь” найраглалаар Монгол улсын Төрийн шагнал /1963/ хүртээж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Тэрээр япон, орос, англи, польш хэлээр төгс ярьдаг. 1979 онд Испани ханиад өвчнөөр насан эцэслэсэн.
Мартагдашгүй сайхан бүтээл хэдэн жаран, зуун дамжсан ч бидний сэтгэлд үргэлж хоногшин үлдэх болно.
Нийтлэл бичсэн: К