Засгийн газрын өнөөдрийн /2024.05.22/ хуралдаанаар “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийг эдийн засгийн тусгай бүс болгохоор хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлэх”, “Улаанбаатар хотод сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр, аж ахуйн нэгжийг нэгдсэн бодлого төлөвлөлттэйгөөр дагуул хотуудад шилжүүлэн, үйл ажиллагааг нь дэмжин ажиллах”, “Улаанбаатар хотын бүсийн хэмжээнд өндөр технологийн үйлдвэрүүдийг нутагшуулж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах” зорилтуудын хүрээнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийг тээвэр логистикийн болон хөнгөн үйлдвэрлэлийн эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Налайх дүүрэг нь нийслэл хоттой эдэлбэр газар, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлсэн стратегийн ач холбогдолтойгоос гадна Алтанбулаг боомтоос Замын-Үүд боомт хүртэлх босоо, Сүмбэр боомтоос Ховд аймаг хүртэлх хэвтээ тэнхлэгийн олон улсын чанартай автозамын огтлолцолд оршдог учраас тээвэр логистик болон барилгын материалын хөнгөн үйлдвэрлэлийн эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрэн хангаж буй юм.
Эдийн засгийн тусгай бүс болгосноор “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүд татварын таатай орчинд хөрөнгө оруулагчдыг татаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, шинээр 800 гаруй ажлын байр нэмэгдэх боломж бүрдэх юм.
Мөн Улаанбаатар хотын дундуур аюултай ачаа тээвэрлэлтийг дамжин өнгөрүүлэхгүй байх боломж бүрдэж, улмаар орон нутаг руу хийх тээвэрлэлтийг хялбаршуулахаас гадна Замын Yүдийн чингэлэг тээврийн терминалын хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас Тяньжин боомтод саатдаг импортын ачаа тээврийн хүндрэлийг шийдвэрлэх нэг гарц болох боломжтой юм.