Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах, Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, эрх зүйн орчныг нь төгөлдөржүүлж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг олон улсын түвшинд хүргэх бодлого хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг байгуулж, улмаар Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байна.

Тус ангийг байгуулснаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид газрын гадарга, газрын гүнд, ууланд, усны мандалд, усны гүнд, агаарт гээд бүхий л орон зайд үүрэг гүйцэтгэж, Монгол Улсын тусгаар тогтнол, хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул, ослоос ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг олон улсын түвшинд хэрэгжүүлж, үүргээ нэр төртэй биелүүлж байна. Өнгөрсөн хугацаанд газраар тээвэрлэх боломжгүй нийт 158 удаагийн шуурхай дуудлагаар ажиллаж, 211 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна. Үүний 158 нь том хүн, 53 нь хүүхэд байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гамшиг ослын үед эрэн хайх, аврах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг нэр төртэйгээр биелүүлж ирсэн Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Эх орон, ард иргэдийнхээ төлөө цаг ямагт бэлэн байж, амь насыг авран хамгаалах ариун үйлст зүтгэж буй онцгой байдлын алба хаагчдадаа өндрөөс өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
