Нүүр хуудасМэдээС.АМАРСАЙХАН: “Mining Week & MinePro 2024” арга хэмжээнд “Бүсчилсэн хөгжил-Аж үйлдвэрийн бодлого”...

С.АМАРСАЙХАН: “Mining Week & MinePro 2024” арга хэмжээнд “Бүсчилсэн хөгжил-Аж үйлдвэрийн бодлого” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас зохион байгуулж буй “Mining Week (Уул уурхайн долоо хоног) & MinePro 2024” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга арга хэмжээ аж үйлдвэрийн ууган голомт Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монгол Улсын Шадар сайдын хувиар өнөөдрийн арга хэмжээг нээж “Бүсчилсэн хөгжил-Аж үйлдвэрийн бодлого” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болоод Аж үйлдвэрийн чиглэлээр бүсчилсэн хөгжлийн бодлогод эдийн засгийг эрчимжүүлэх 14 мега төсөл туссан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлснээр экспортын хэмжээ 2 дахин өсөж, нэг хүнд ноогдох ДНБ 10.600 ам.долларт хүрч мөн 2 дахин өсөх таамаглалтай байна.

Үүнээс гадна олон улсын тээвэр, логистик, аялал жуулчлалын төрөлжсөн үйлчилгээ, аж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиг үүрэгтэй Налайх дахь Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс зэрэг Тусгай бүс, Чөлөөт бүсүүдийг бүсчлэн хөгжүүлж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд олон төрлийн татварын дэмжлэг үзүүлэх юм.

2024 онд УИХ-аас баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд эрчим хүчний хүчин чадлыг 2,670мВт-аар нэмэгдүүлэхээр тусгасны зэрэгцээ шинээр 6400 гаруй км авто зам, 5000 гаруй км төмөр зам барихаар төлөвлөсөн. Тухайлбал, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрш орнуудтай холбогдох босоо, хөндлөн тэнхлэгийн 6 коридор барьж, тэдгээртэй холбогдсон хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр, логистикийн төв, хуурай боомт байгуулна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Гадаад худалдааны бодлогод шинэ хэлэлцээрүүд хийгдэж гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсээр байгаа бөгөөд өдгөө шинээр байгуулахаар БНХАУ, БНСУ зэрэг улстай эцэслэхээр хэлэлцэж буй чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн үр дүнд цаашид илүү эрчимжинэ.

Хамгийн гол нь аль ч салбарт ямар ч чухал хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил байсан байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай, стандарт, аюулгүй байдлыг бүрэн хангасан байх ёстой. Хаана стандарт байна, тэнд тогтвортой хөгжил байдаг. Хаана стандарт байна, тэнд аюулгүй байдал, амьдралын тав тухтай орчин бий болж байдаг. Энэ бүхнийг цогц бодлогоор, оновчтой төлөвлөлтэйгөөр, нээлттэй засаглалтайгаар, ил тод үйл ажиллагаагаар зохицуулах чиглэлд Засгийн газар анхаарч ирсэн, цаашид ч энэ бодлого үргэлжлэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН