Нүүр хуудасМэдээС.Баяр Ч.Сайханбилэг нарыг 30 хоног хорих шийдвэр гаргалаа

С.Баяр Ч.Сайханбилэг нарыг 30 хоног хорих шийдвэр гаргалаа

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцээд, 30 хоног хорих шийдвэр гаргалаа.

Түүнийг энэ сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчилсан юм. Шүүх хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Дамдинням дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр “2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гэрчээр дуудаж, байцаалт авна гэж дуудсан. Дуудсаны дагуу Ч.Сайханбилэг АТГ-т очиж, мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр гэрчээр гурван цаг гаруй байцаасны дараа шууд прокурорын зөвшөөрлөөр баривчлах шийдвэр гаргаж, цагдан хорьсон. Засгийн газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиудад зааснаар төрийн тусгай хамгаалалт нь дуусаагүй тохиолдолд зөвхөн шүүхийн шийдвэр гарсны дараа цагдан хорьдог. Гэтэл АТГ-аас түүнийг төрийн тусгай хамгаалалттай хамт хорьж, цагдсан нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм” гэлээ. Мөн өмгөөлөгчийнх нь зүгээс АТГ-ыг хууль зөрчиж баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээнээс хамгийн хүнд хэлбэрийг сонгож байгааг нь буруутгаж байгаагаа мэдэгдлээ.

С.Баярыг мөн 30 хоног хорино

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс С.Баярыг нэг сар хорих шийдвэр гаргалаа. Түүнийг энэ сарын 10-ны өдөр Авлигатай Тэмцэх Газраас сэжигтнээр баривчилсан юм.

Авлигатай тэмцэх газраас “Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг холбогдуулан шалгаж байгаа” хэмээн мэдээлсэн.

Харин Прокуророос С.Баярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байсан. Ийнхүү Шүүхийн шийдвэр гарч түүнийг мөн 30 хоног хорихоор боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН