Нүүр хуудасБусадТавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг гуравдугаар сард нээхээр төлөвлөж байна

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг гуравдугаар сард нээхээр төлөвлөж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК-иудад ажиллаж, тухайн компаниудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын үүрэг, чиглэл өгсөн.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батнасан: “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын шинэ бүтээн байгуулалт хийгээд төмөр замын үндэсний сүлжээг хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй субьект. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн удирдагч, захиалагчаар ажиллаж, харьцангуй хямд өртгөөр барьж 3 дугаар сарын 15-аас зүгшрүүлэлтийн тээврийг эхлүүлэх гэж байна.  Цаашлаад төмөр зам барьж байгуулах хүчин чадал бүхий машин механизм, мэргэжлийн боловсон хүчин бүхий төмөр замын зам, барилгын механикжсан ангитай болж дараа, дараагийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх бааз сууриа бүрдүүлж чадсан” гэж мэдээлэл өгсөн.

Харин  Зам тээврийн сайд Л.Халтар: “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг нэгдүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамнаас техникийн комисс гарч шалган, замын чанарыг өндөр түвшинд гүйцэтгэлээ гэж дүгнэсэн. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс утсан харилцаагаар галт тэрэгний хөдөлгөөн нээж төлөвлөгөөний биелэлтийг хариуцлагатайгаар ханган ажиллах ёстойг сануулъя. Зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр замын төслүүдийн барилгын ажлыг мөн оны 03 дугаар сард эхлүүлэхээр хөрөнгө оруулагч талтай уулзалт зохион байгуулж, саналаа танилцуулна. Мөн Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 13 км дэлгэмэл урттай төмөр замын төслийг холбогдох албаныхантай хамтран  2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлэхийг үүрэг болгоё” гэж даалгасан.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг энэ оны 9 дүгээр сард бүрэн дуусгахын зэрэгцээ байгалийн хүчин зүйл, мал амьтны хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалахыг нэн тэргүүнд анхаарах ёстой. Энэ чиглэлд “УБТЗ” ХНН, орон нутгийн холбогдох газруудтай хамтран ажиллах  шаардлагатай байгааг онцолсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН