Нүүр хуудасМэдээТа өглөө, оройд хэр удаан автобус хүлээж байна вэ? Зорчигчид Нямбаатартаа л...

Та өглөө, оройд хэр удаан автобус хүлээж байна вэ? Зорчигчид Нямбаатартаа л хэл гээд байх юм. . .

Түм түгж, бум бужигнасан энэ хотын иргэдийн хөл дүүжлэх унаа бол нийтийн тээвэр буюу автобус юм. Харин та өглөө бүр гэрээсээ гараад хэр удаан автобус хүлээж гадаа зогсож байна вэ? Өвлийн ид хүйтэн биш бол тав зургаан буудал алхаад явах сан. Даанч хол газар халтиргаатай зам дээр бидний хэлдгээр оцон шувуу алхалтаар алхаж байснаас хүлээх нь хавьгүй дээр. Энэ үед буудал дээр байдаг ТҮЦ-нүүд аминд орно. Сайхан ааштай хүн байвал автобусаа иртэл дулаацаад авна. Эсрэгээрээ бол хөөгдөөд гарна даа. Захын автобусны буудлуудад ТҮЦ байтугай автобусны буудлын төмөр ч таарахгүй. Ашгүй нэг автобус ирнэ. Баярласан, яарсан, би багтахгүй үлдчих вий дээ гэж бодсон олон хүн үүдэнд нь чихэлдэж зогсоход хэдэн хүн нь багтаж чадсан бэ?

Урьд нь “Налайх – Офицер” чиглэлийн ХО:5 дугаартай автобусыг нар буух үеэр хүлээх хүмүүс л ингэж зогсдог байсан бол саяхан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсноос хойш олон буудалд ийм дүр зураг харагдах болсон. Нэг автобусанд суухын тулд хэчнээнд нь багтахгүй анигдаж байна вэ? Хоёр, гурван автобус явсны дараа арай гэж хүн сэлүүхэн болж дараагийн автобусанд суухад дүүрэн хүн угтана. Цүнхээ урдаа бариад хүмүүст уусан чихэлдэн арай гэж нэг бариулаас барина. Дараагийн буудалд ирж хаалга онгойж хүн сэлгэхэд хаалганаас хол байсан хүмүүс хаалганд арай гэж ойртон бууя гэж орилно. Харин жолооч нь хаалга руугаа ойртохгүй яасан юм бэ гэж хэлнэ. Зөрүүлээд энд чинь алхах ч зай алга гэж уурсана шүү дээ. Чихэнд сонсогдож байгаа биз.

Өвлийн зузаан том куртка өмссөн, том цүнх үүрсэн хүмүүс дундуур сүлжин гарах нь бас нэг төрлийн авьяас болжээ. Энэ бол наад захын асуудал. Хажуугаар зөрөхдөө өшиглөчихлөө, хөл дээр гишгэчихлээ гэж нэгэндээ шаардлага тавихад авах хүн байна, бухимдах ч хүн байна. Хэдий олуулаа байгаа ч хөлөө жаахан өөр лүүгээ татчихад бусдын хөл, куртканд шүргэхгүй байх боломж бий. За тэгээд согтуу, үнэртүүлсэн хүн бол бүүр ч нэрмээс шүү дээ. Бүгд л багтах гэж хичээж байхад тэд нарын орилж хашхичих нэмэгдэж орж ирвэл ай даа стресстүүлнэ дээ бас л. Нэг согтуу өвгөн бүүр “Та нар багталцахгүй байна уу? Нямбаатартаа хэл гэж байна. Болдогсон бол очоод хэлэхсэн. Бүүр энд авчраад нүдийг нь томруулж байгаад дундаа явуулахсан. Түүний яриаг инээгээд тоохгүй хүн байх ч хөмсгөө зангидан харах хүмүүс ч үзэгдэнэ. Автобусны жолооч хурдаа нэмэх үед бариулаас барьж амжаагүй хүмүүс хоёр тийш найган нэг нэгнээ түлхэнэ. Нэгнээ түшин сугадалцан унаж хувцсаа шавар болгохгүйг хичээнэ. Та нар мэднэ дээ. Өвлийн цагт автобусны шал бол харахын аргагүй болдог. Цайвар өнгийн хувцастай хүн энэ шалан дээр унаж байна гэж төсөөлөхөөс ч аймар. Хүмүүс бууж суун сэлгэхэд суудал дээр тухалсан залуучууд ахмадуудын нүдэнд өртөж эхэлнэ.

Ахмад настанд суудал тавих ч хүн байна,  нүдээ аниад өнгөрүүлэх хүмүүс ч байна. Энэ бол хувь хүний ухамсрын тэр хүний өөрийн асуудал. Хэл амтай иргэд нь боссонгүй, одоо үеийн энэ хүүхдүүд үү гээд амаа уралдуулан сууж буй хүнийг эвгүй байдалд хийчихнэ. Технологийн дэвшлийг мэдэрчихсэн хүмүүс бол лайв, бичлэг эхлүүлнэ шүү дээ. За энэ бол өдөр тутамдаа харж болох зүйл. Энд явахын нэг сайхан зүйл нь жолоочийн сонсох дуртай дууг бид хамтдаа сонсоно. Хөгжмийн эгшиг дундуур хэн нэгний амьдрал ахуйн үйл явдал цоолон орж ирнэ. Батаа, Дулмаа хэнд ч юм тохиолдсон асуудлыг тэр аяараа сонсоно. Тэр хүний асуудлыг сонсож бараг цугтаа санаа зовно, эсвэл цугтаа баярын мишээл тодруулна. Утсаараа хэн бэ гуайтай ч юм элдвийг ярина. Уг нь гадны хөгжилтэй орнуудад нийтийн тээвэрт утсаар ярихыг соёлгүй үйлдэл гэж хардаг. Үнэхээр хэрэгцээ шаардлага гарах үед ярьж болох ч байнга буюу надад, чамд бүх хүнд хамаатуулж ярих нь үнэхээр онцгүй.

За тэгээд нийтийн тээвэрт өөрийн эрхээ бусдаар хязгаарлуулж буй бид бол чимээгүй хүлцэнгүй л явна шүү дээ. Угаасаа хэзээнээсээ ч юм Монголчууд хүлцэнгүй ард түмэн дээ…

Таталбар: К

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН