Нүүр хуудасМэдээТохижилт, инженерийн хангамжийн 644 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Тохижилт, инженерийн хангамжийн 644 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

2023 онд нийслэлд хийх дулаан, цахилгаан, цэвэр усны шугамын засвар, шинэчлэлийн ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Улаанбаатар хотын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их, урсгал засвар, тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тохижилт, инженерийн хангамжийн чиглэлээр 24 байгууллага нийт 644 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, дулааны гол шугам сүлжээний засварын 19, цахилгаан хангамжийн шугам, кабель дэд станцуудын засварын 13, шинээр сувагчлал хийх, сувагчлалын хоолойг сэргээн засварлах, худаг суурилуулах 18, хороолол доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн найман ажлыг гүйцэтгэх юм. Мөн ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлтийн 13, халаалтын зуухны засварын 108 ажил, ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин цахилгаан шат шинэчлэх 21 ажлыг хийхээр төлөвлөөд буй.

Түүнчлэн авто зам, гүүрний байгууламжийн 21, инженерийн шугам сүлжээ, дэд төвийн барилга байгууламжийн 32 ажлыг гүйцэтгэхээс гадна дүүрэг бүрд нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт хийнэ. Үүнтэй холбоотойгоор хотын зарим гудамж, талбайд тодорхой өөрчлөлт хийх, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, замын хавтан хуулах шаардлага гарч байна. Эдгээр ажлыг төсөвт суулгаад, төлөвлөгөө гарган бэлтгэлийг хангасан тул зуны хугацаанд хийхээс өөр аргагүй. Иргэд маань энэ нөхцөл байдлыг ойлгоно гэж найдаж байна. Нийслэлийн зүгээс иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, өдөр тутмынх нь ажилд аль болох саад болохгүйгээр тохижилт, засвар хийхийг зорино хэмээлээ.

Ногоон байгууламж тайрсан, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн тохиолдлууд гарсан талаарх сэтгүүлчдийн асуултад тэрбээр мөн хариу өглөө.

-Шат шатанд зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн ногоон байгууламж тайрсан, моддыг олноор нь нүүлгэн шилжүүлсэн асуудал гарч байгаа. Нийслэлийн зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран шаардлага тавиад, зохих арга хэмжээг авна. Үүн дээр хэвлэл, олон нийт, төрийн байгууллага хамтарч ажиллах, хяналт, шаардлага тавих боломжтой гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН