Нүүр хуудасМэдээТусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 20.94 хувьд хүргэнэ

Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 20.94 хувьд хүргэнэ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоолд тусгажээ. Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан -Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар, Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөх судалгаа хийж, төрийн тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. Ингэснээр улсын тусгай хамгаалалтад авсан талбайн хэмжээ нийт нутгийн 20.94 хувьд хүрэх юм.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар нар Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-д өргөн барих хугацааг тодруулав.

Ноён уултай холбоотой тогтоолын төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар болсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат онцлов.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН