Туул гол Улаанбаатар хотын дундуур 114.8 км урсаж, долоон дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин өнгөрдөг нийслэлийн байгаль орчны аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндтэй шууд холбоотой амин чухал ундны усны эх үүсвэр юм. Гэвч Төв цэвэрлэх байгууламжийн гаргалгаанаас Алтанбулаг сум хүртэл голын голдиролд олон жилийн турш хуримтлагдсан лаг үүсэж, Туул голыг ихээр бохирдуулж байна.
Туул голын хамгаалалтын бүсэд 35.7 мянга гаруй нэгж талбар газар эзэмшиж байгаа бөгөөд тэдгээрийн нүхэн жорлон зэргээс үүдэлтэй бохирдол дээд цэгтээ хүрсэн. Туул голын сав дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй 131 аж ахуйн нэгжээс 43 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Туул голын бохирдлын асуудал олон жилийн турш даамжирч, дээд цэгтээ хүрсэн ч хамгаалах дорвитой ажлыг хийж байсангүй.
Тэгвэл НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд Туул голын экосистемийг хамгаалах зорилгоор “Туул голоо аваръя” хөдөлгөөнийг өрнүүлэх тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцуулжээ. “Туул голоо аваръя” хөдөлгөөнийг 2026-2030 онд дөрвөн жил хэрэгжүүлнэ. Ингэхдээ Туул гол болон түүний сав газрын экосистемийг хамгаална. Бохирдлыг бууруулна. Туул гол орчимд байгальд ээлтэй тохижилт, ногоон байгууламж бүхий орчныг нэмэгдүүлэх юм байна.
Тухайлбал, “Туул голоо аваръя” хөдөлгөөнөөр дараах цогц арга хэмжээнүүдийг төлөвлөжээ.
- Ундны усны нөөцийг нэмэгдүүлж, үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ.
- Төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй лагийг цэвэрлэж, байгалийн горим алдагдсан байршлуудад нөхөн сэргээлт хийнэ.
- Хамгаалалтын бүс дэх нүхэн жорлонгуудыг буулгаж, стандартын ариун цэврийн байгууламжтай болгож, хүнс болон эрүүл мэндийн салбарын байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
- Усны нөөцийн зохистой хэрэглээнд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, иргэд, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг “Туул голоо аваръя” хөдөлгөөнд татан оролцуулах аж.
Туул голын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах “Туул голоо аваръя” хөдөлгөөн Монгол Улсын Үндсэн хууль болон засаг захиргаа, байгаль орчин, усны болон хотын эрх зүйн байдлын тухай бусад холбогдох хуулиудад нийцэж байгааг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэллээ.





