Нүүр хуудасМэдээТэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг баталлаа

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг баталлаа

Төрөөс ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх болсоноор нийгэмд багагүй маргаан дэгдэж, олон нийтийн санал зөрөлдөхөд хүрээд байна. Тэгсэн хэдий ч УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталлаа.  

Он солигдох мөчид Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх мэдээлсэн. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулсан юм. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хэрэгжих ажлуудыг дурьдвал:

  • Зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй иргэд зээлээ тэглүүлнэ.
  • Зургаан саяас дээш төгрөгийн зээлтэй иргэдийн зээлээс зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө.
  • Нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно.
  • Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг өгнө.
  • Бондын эрхийн бичгийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гаргана.
  • Тэтгэврийн зээлгүй ахмадууд 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нас барсан тохиолдол үр хүүхдэд нь бондын эрхийн бичгийг шилжүүлнэ.
  • 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь тэглэнэ.
  • Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болох юм.

Харин энэ шийдвэрийг эсэргүүцэх улс төрийн хүчин болон УИХ-ын гишүүн цөөнгүй байна. Тэдний зүгээс зээлтэй иргэдийн өрийг төлөх биш бүх ахмадад тэгш хуваарилах болон, зээл аваагүй 194 мянган ахмадад тус бүр нэг сая төгрөгийг цагаан сараас өмнө бэлнээр олгох боломжтой гэж үзэж, шаардаж байгаа юм.

Гэсэн хэдий ч УИХ-ын өнөөдрийн чуулганаар нийт гишүүдийн 79.5 хувийн саналаар дэмжлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН