Нүүр хуудасМэдээТээгч эхтэй холбогдох харилцааг зохицуулах Монгол Улсын анхны хуулийн төсөл

Тээгч эхтэй холбогдох харилцааг зохицуулах Монгол Улсын анхны хуулийн төсөл

ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАГДСАН ГОЛ ОЙЛГОЛТ, ОНЦЛОХ ЗААЛТУУД

Нөхөн үржихүйд туслахад Үр цацах, Үр шилжүүлэн суулгах, Тээгч эхээр хүүхэд тээлгэж төрүүлэх, Бусад шинжлэх ухааны туршигдсан аргыг хэрэглэх талаар хуулийн төсөлд заажээ. 

Дээр дурдсан арга тус бүр дээр ямар хуулййн зохицуулалт тусгагдсаныг танилцуулбал,

Үр цацах, үр шилжүүлэн суулгах аргыг ашиглах үед хүйс сонголт хийж болно

Үр цацах, үр шилжүүлэн суулгах аргыг ашиглах үеийн ерөнхий нөхцөл:

  • Гэрлэгчдийн үргүйдлийг эмчлэх эмчилгээний аргыг сонгохдоо талуудын бичгээр гаргасан зөвшөөрлийг үндэслэнэ.
  • Талуудын зөвшөөрлөөр үр цацах, үр шилжүүлэн суулгах аргыг ашиглах үед хүйс сонголт хийж болно.
  • Үр тогтоох чадваргүй нь тогтоогдсон тохиолдолд эмчлүүлэгчийн садангийн хүний зөвшөөрөлтэйгээр садангийн хүнийг эхний ээлжинд донор болгох, садан байхгүй эсвэл садангаас татгалзаж байгаа тохиолдолд бусдын бэлгийн эсийг тухайн хүний зөвшөөрөлтэйгээр донор болгон авч болно.
  • Бэлгийн эс, үр хөврөлийг эзэмшигч /эхнэр, нөхөр/-ийн нэг нь бэлгийн эсээ үр хөврөлдөө ашиглахаас өмнө болон ашиглах явцдаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон нас барсан тохиолдолд түүний гэрээслэлд зааснаас өөр зориулалтаар ашиглахыг хориглоно. Хэрэв хоёул эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон нас барсан тохиолдолд бэлгийн эс, үр хөврөлийг хуулийн дагуу устгана.
  • Ашиг олох зорилгоор хүний үр хөврөл болон бэлгийн эсийг хууль бус аргаар хүсэл зоригоос нь гадуур авах, хууран мэхлэх замаар үр шилжүүлэн суулгахыг хориглоно.

Бэлгийн эс  авах, үр хөврөл, түүнийг хадгалах,хөлдөөх, гэсгээж суулгах, устгах талаар:

  • Нэг донорын бэлгийн эсийг зөвхөн нэг удаагийн төрөлтөд ашиглахыг зөвшөөрнө.
  • Бэлгийн эс, өндгөн эс, үр хөврөлийг хадгалахдаа тухайн иргэний зөвшөөрлөөр тодорхой хугацаанд хөлдөөх аргыг ашиглана. Хөлдөөсөн бэлгийн эс ба үр хөврөлийг эмчлүүлэгчийн зөвшөөрлөөр үр шилжүүлэн суулгах ажилбарт ашиглана. 
  • Үр хөврөлийг анх үүсгэсэн зориулалтаас нь өөрөөр ашиглахыг хориглоно.
  • Хоёроос дээш хүний  генетикийн материалыг нэг үр хөврөл гарган авахад ашиглах,  донор хүний эсийг өөр хүний болон өөр төрлийн эстэй холих, зарах, хадгалах, үйлдвэрлэхийг хориглоно.
  • Бэлгийн эсийг үр шилжүүлэн суулгахаас бусад үйл ажиллагаанд  ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
  • Бэлгийн эсийг болон үр хөврөлийг худалдаж авах, худалдахыг санал болгох, худалдах, ашиг олох зорилгоор экспортлох, импортлохыг хориглоно.

Донороос  бэлгийн эс  авахдаа,

  • Энэ хуульд заасны дагуу бэлгийн эс өгөх зөвшөөрлөө бичгээр гаргасан донороос түүний эрүүл мэнд, нэр хүндэд хохирол учруулахгүй аргаар бэлгийн эсийг авна.
  • Амьгүй донороос бэлгийн эсийг авахад  Донорын тухай хууль7-ийн  15 дугаар зүйлд заасныг баримтална.

Хэн тээгч эх байж болох вэ?

Эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй нь тогтоогдсон эмэгтэйд тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг зөвшөөрнө хэмээн хуулийн төсөлд заажээ.

Тээгч эх болон тээлгэгч талын харилцааг зохицуулах хуулийн заалтууд:

  • Тээгч эхээр хүүхэд төлөөлөн төрүүлэх харилцааны захиалагч тал нь  зөвхөн гэрлэгчид  байх бөгөөд талууд  эрх зүйн бүрэн чадамжтай байна.
  • Захиалагч нь тээгч эх болох хүнийг хоёр талын садангийн хүнээс  тэргүүн ээлжинд сонгох бөгөөд тохирох хүн байхгүй тохиолдолд талуудын харилцан бичгээр үйлдсэн зөвшөөрлийн дагуу тээгч эхийг сонгоно. 
  • Тээгч эх нь хүүхдийг тээж эхэлснээс хүүхдийг төрүүлэн захиалагчид хүлээлгэн өгөх хүртэл тээгч эхийн үүргийг хүлээнэ. 
  • Тээгч эхийн үүрэг хүлээх хугацаанд бусад жирэмсэн эхийн адил нийгмийн халамж, үйлчилгээ авах, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд тэгш эрхтэй байна.

Түүнчлэн  тээгч эх болох тохиолдолд доорх шаардлагуудыг хангасан байна:

  • Тээгч эх болохыг зөвшөөрсөн эмэгтэй нь 23-аас 35 хүртэлх настай, бие болон сэтгэцийн хувьд эрүүл болох нь эмнэлгийн байгууллагаар бичгээр нотлогдсон  байх;
  • Өөрийн төрүүлсэн нэгээс доошгүй хүүхэдтэй бөгөөд эрүүл өсөн бойжиж байгаа нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх; 
  • Тээгч эх болохыг сайн дурын үндсэн дээр зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байх;
  • Тээгч эх нь хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн бол түүний нөхрөөс бичгээр зөвшөөрөл авсан байх;

Тээгч эхээр хүүхэд төрүүлэх харилцаанд хориглох зүйл:

  • Арилжааны зорилгоор хүүхэд тээх, тээлгэх;
  • Тээгч эх нь төлөөлөн тээх үүргээс гадна өндгөн эсийн донор байх;
  • Тээгч эх нь эрүүл мэндийн байгууллагын ажилтантай үгсэн хуйвалдаж, ургийг тээх явцад захиалагчийг хууран мэхлэх, нэмэлт нөхөн төлбөр шаардах;
  • Тээгч эх ургийг тээж байх явцад гэрээг захиалагчийн санаачлагаар цуцлах; 
  • Тээгч эхийн зүгээс хүүхдийг төлөөлөн төрүүлсэний дараа хүүхдийг барьцаалах, илүү нэмэлт төлбөр шаардах;
  • Тээгч эх хүүхдийг төлөөлөн төрүүлсний дараа хүүхдийг захиалагч эцэг, эхэд хүлээлгэн өгөхөөс татгалзах;
  • Талууд нь төрүүлэх хүүхдийн хүйсийг урьдчилан тохиролцох;
  • Хүүхэд ямар нэг төрөлхийн гажигтай эсхүл удамшлын өвчин эмгэгтэй байх, төрсөн хүүхэд таалагдахгүй байх зэрэг шалтгаанаар захиалагч тээгч эхээс хүүхдийг авахаас татгалзах, орхих, хаях;
  • Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэнээр хүүхэд тээлгэх, тээгч эх болохыг хориглоно.

Үргүйдлийн үр дагавар зөвхөн гэр бүлийн асуудлаар хязгаарлагдахгүй ба тухайн улс орны хүн амын өсөлт, улмаар нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлдгийг хууль санаачлагчид хуулийн танилцуулгад дурджээ.

Түүнчлэн үргүйдэл нь стресс, сэтгэл гутрал зэрэг сэтгэлзүйн асуудлаас гадна гэр бүлийн хүчирхийлэл, салалт зэрэг нийгмийн сөрөг асуудал үүсгэх аюултай байдаг.

Ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэн өндгөн эсийн донор болох, тээгч эхтэй холбогдох харилцааг зохицуулах хуулийн төсөл УИХ-ын Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан бөгөөд энэ Лхагва гарагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх нь.

Хуулийн төсөл болон дагаж гарах журмын төслүүдийг бүрэн эхээрээ.

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл

Донор бэлгийн эсийг эмчилгээнд ашиглах журмын төсөл

Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд тээгч эх ашиглах, харилцааг зохицуулах журмын төсөл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН