0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 03:22:00
Нүүр хуудас Мэдээ Т.Бадрал: Өнөөдрөөс эхлэн аль ч орны иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй

Т.Бадрал: Өнөөдрөөс эхлэн аль ч орны иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй

Улсын онцгой комиссоос “Шуурхай штаб” байгуулан ажиллаж байгаа. Шуурхай штабт 60 гаруй албан хаагч 24 цагаар ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ. Өнөөдөр хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ ОБЕГ-ын дарга Т.Бадрал гадны улсаас нэг ч хүн хилээр нэвтрүүлэхгүй гэж мэдэгдлээ.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Энэ цаг үеэс эхлэн гадны аль ч улс орны иргэдийг Монгол Улсад хүлээж авахгүй. Зөвхөн хүнс тээврийн жолооч нарыг нэвтрүүлнэ. Бусад улс оронд байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авах ажлыг үргэлжлүүлж байна. Өнөөдөр гуравдахь онгоцыг хүлээн авна. Нийтдээ 800 орчим иргэн ирнэ. Цаашдаа олон дахин иргэдээ хүлээн авах нислэг үйлдэх нь эрсдэлийг дагуулж байгаа учраас тодорхой хугацааны дараа энэ хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Нутаг нэгтнээ хамгаалах үүднээс болж өгвөл амьдран суугаа орчиндоо дасан зохицож өөрийн аюулгүй байдлыг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Улсын онцгой комиссын шуурхай штабын баг төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Өнөөдөр нэг онгоц бууна. Маргааш Туркын Истанбул хотоос дараагийн онгоцыг хүлээж авна. Дэлхий нийтээр нөхцөл байдал хүндэрч байна. Өвчилсөн хүний тоо дэлхий нийтийн хэмжээнд 150 мянга гарчихлаа. Нийтдээ 6500 дээш  хүн нас барсан.  Халдвар авсан улсын тоо 150 болж хурдтай өсч байна. ДЭМБ-аас хоёр хоногийн өмнө Европ тив халдварын том голомт болсон гэдгийг зарласан. Зөвхөн Испани улсад ойролцоогоор 46 сая хүн гэрийн хорионд ороод байна. АНУ өчигдрөөс Их Британи, Ирландаас онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэдгээр улс орнуудын зүгээс Монгол Улстай төстэй арга хэмжээг авч байна. Тийм учраас цаашид олон удаа онгоц хүлээн авахад хүндрэлтэй болж байна. Сая Берлин, Москвагийн нислэгээр ирсэн хүмүүсээс тодорхой шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д 19 хүн тусгаарлалаа. Ерөнхийдөө Истанбулд наашаа ирэх хүсэлтэй, эрсдэлтэй иргэдийн тоо гарсан. Монгол Улс гадаадын нэг ч иргэнийг хүлээж авахгүй.  Тиймээс нэг ч гадны нэг ч иргэнийг хүлээж авахгүй” гэж мэдэгдлээ.

Б.Дуламсүрэн УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч: Улсын онцгой комиссын Шуурхай штабт гамшгаас хамгаалах улсын алба, холбогдох яам агентлагийн 60 гаруй алба хаагч 24 цагийн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр БНСУ-аас ирсэн иргэдийг татан авах ажиллагааг гурван цагийн дотор зохион байгууллаа. Тэдгээр иргэдийг “Энхсаран” сувилал, Цэргийн төв нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, Жаргалант сувилалд тусгаарласан. Улаанбаатар-Берлин-Москва чиглэлийн “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор Москвагаас 93, Берлинээс 138 нийт 231 хүн өнөөдөр /2020.03.16/ өглөө 07.57 цагт ирсэн. Иргэдэд тандалт хийж байна.

Эхний ээлжид 19 хүний ХӨСҮТ-д тусгаарлахаар болсон бол бусад иргэдийг Баянзүрх дүүрэгт байрлах “Амар” зочид буудалд тусгаарлахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Түүнчлэн өнөөдөр өглөө 09.08 цагт Япон улс руу тусгай үүргийн онгоц хөөрсөн. Оройн 20.25 цагт газардана. Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг хүлээж авах, түр тусгаарлах зорилгоор Баянзүрх дүүрэгт байрлах “Парк”, “Амар” зочид буудал Баянгол дүүрэгт “Наранбулаг” зочид буудал болон хоёр дүүрэгт гурван аж ахуй нэгжийн байруудад иргэдийг хүлээн авахаар ажиллаж байна” гэв.

Г.Сугарбат МХЕГ-ын дэд дарга: “Үндсэн хийгдэж буй ажил нийслэл аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд хүнсний бараа бүтээгдэхүүний хангамж, үйлчилгээнд эрсдэл үүсгэхгүй байхын тулд аюулгүй байдлыг хангах, усан хангамж, инженерийн дэд бүтцийг хангуулахаар ажиллаж байна. Өчигдрийн мэдээгээр улс орны хэмжээнд нийт 5636 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нийслэлийн 2888 үйлчилгээний байгууллага хамрагдсан. Цар тахлын нөхцөл байдалд бусад төрлийн хоолны хордлого гаргахгүй байх, үйлчилгээний байгууллагууд өөрсдийн ухамсрын дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг дээд зэргээр ханган ажиллах шаардлагатай байна. Монгол Улс нийт бараа бүтээгдэхүүнийхээ ихэнхийг импортоор авч байгаа учраас хилийн боомтоор орж ирж буй хүнсний бараа бүтээгдэхүүнийг тасалдуулахгүй, түргэн шуурхай нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн ард иргэдэдээ аюулгүй үйлчлэх чиглэлд томоохон ажлуудыг зохион байгуулсан. Дээрээс нь төвлөрсөн суурин газруудын усан хангамжийн асуудалд онцгой анхаарч, нийт 66 дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Тусгай үүргийн онгоцоор хилийн мэргэжлийн хяналтын хоёр байцаагч явж ажилласан” гэж мэдээлэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН