Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үдээс өмнө эхэлсэн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа АМНАТ-ийн орон нутагт ногдох хэсгийг байгаль орчинд учруулж байгаа хор хөнөөлтэй нь уялдуулан тогтоож олгох боломжийн талаар, 2009 онд 140 байсан ураны хайгуулын лицензийн тоо өнөөдөр гурав болж цөөрсний болон ураны салбарын үндсэн үзүүлэлтүүд 2020 оноос хойш огт өөрчлөгдөөгүйн учир шалтгаан, мөн Монгол Улсын төр үнэ төлбөргүй эзэмших 34 хувийг АМНАТ-өөр орлуулахын эерэг ба сөрөг тал ямар байхыг асууж, хариулт авсан юм. Түүний асуултад хариулахдаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлаар хэлэлцэж батлах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд орон нутагт шууд, тухайлбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумд жил болгон 1.0 сая ам.доллар өгнө гэсэн зүйл байгаа гэх мэдээллийг өглөө. АМНАТ-өөс орон нутагт түлхүү олгох Улсын Их Хурлын гишүүдийн байр суурьтай яам санал нэгтэй байгааг сайд илэрхийлээд, өнөөдрийн байдлаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын найман лицензийг долоон компани эзэмшиж байгааг танилцууллаа. Энэхүү Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бол олон жил ужгирч, хугацаа алдсан Францын төрийн өмчит Орано компанитай гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэдгийг Ц.Туваан сайд онцолсон юм. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, хэрвээ Монгол Улс 34 хувиа эзэмшээд, суурь АМНАТ-өө аваад явбал уг эзэмшилдээ оногдох 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, жилдээ 169.0 сая ам.долларын орлого олно. Харин 34 хувиа эзэмшихгүй, давуу эрхийн 10 хувь, суурь АМНАТ, тусгай АМНАТ, өсөн нэмэгдэх АМНАТ зэрэг төлбөр, татваруудаа аваад явбал жилдээ 153.0 сая ам.доллар авна гэсэн тайлбарыг өгөв.
Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан зах зээлийн үнийн өсөлтөөс хамааран АМНАТ-ыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүний нэр төрөлд зөвхөн ураныг салгаж оруулсны учир, шар нунтагийг эцсийн бүтээгдэхүүн гэж тооцох эсэх тухай асууж хариулт авсан юм. Хэрэв эцсийн бүтээгдэхүүн гэж үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.7-д ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй гэж заасны дагуу уг татвараас чөлөөлөгдөх нөхцөл үүсэхээр байгаа юм. Нөхөн сэргээлтийн дэнчинг Монголбанканд байршуулахаар заасан нь уурхайн хаалтын үед энэ талаарх хариуцлагыг компани бус Монгол Улс үүрэх нөхцлийг үүсгэж болзошгүй тул анхааралтай хандахыг тэрбээр зөвлөсөн юм. Мөн тэрбээр төрөөс аж ахуйн нэгжүүдэд олгосон тусгай зөвлөөрлөө хамгаалах шаардлагатай байгааг анхааруулж, аж ахуйн нэгж, ард түмнийг зодолдуулдаг явдлыг эцэс болгох хэрэгтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, хуулийн төслийн талаар иргэддээ мэдээлэл өгч, инженер технкийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдын олон талын байр суурийг авалгүй хөнгөн хуумгай хандсанаар эргээд энэ хуулийг хэрэгжих боломжгүй, цаашлаад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй болгочих вий гэсэн болгоомжлол байгааг онцлов. Мөн туршилтын олборлолтын хугацаанд байгаль орчинд хэрхэн нөлөөлсөн талаар иргэд, олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай гэлээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс үл хамаараад стратегийн ордод хамааруулах тул Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ийм ордын ашиглалтын талаар ҮАБЗ-д танилцуулж, шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулж байгаа харилцааг албан ёсоор оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ. Мөн тэрбээр ашиглалтын лицензийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Монгол Улсын давуу эрхийн хувьцаа эзэмших тул нөгөө тал хувьцаагаа дур мэдэн өөр тийш шилжүүлэх боломжгүй гэсэн хариултыг бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өгөв. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал ашигт малтмалын орд ашиглах, цацрагийн хор хөнөөтэй холбоотой асуудлаар аливаа шийдвэр гаргахдаа олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байгаа талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин Цөмийн энергийн тухай хуулийн 5.3-д 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ гэж заасныг хүчгүйдүүлж, өөр зүйлээр орлуулахаар, мөн энгийн хувьцааг давуу эрхтэй хувьцаанд шилжүүлэхээр заасан нь оновчтой эсэх асуудлыг хөндөв. Мөн тэрбээр Францын Орано болон Бадрах Энержи компанитай хийх хэлэлцээнд Татварын суурийг багасгах болон ашиг шилжүүлэхийн эсрэг (BEPS) олон улсын дүрмийн заалт нэг бүрээр нь тусгаж өгөх шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн Оранотой гэрээ байгуулсны дараа энэ хууль бусад харилцаанд хэрхэн үйлчлэхийг нарийвчлан тооцох нь зүйтэй гэв.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул тус Байнгын хорооны дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулах санал хураалтыг чуулганы маргаашийн буюу 11 дүгээр сарын 15-ны нэгдсэн хуралдаанаар хийхээр боллоо.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Стратегий төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Б.Баярбаатар, А.Ганбаатар, Б.Жаргалан, Б.Найдалаа, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, Б.Түвшин, Х.Тэмүүжин, А.Ундраа, Д.Цогтбаатар, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгий дарга Б.Баасандорж нар ажилласан байна. Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлан, гадаад орнуудын парламентын стратеги, төлөвлөгөөний бүтэц, загварыг судлан, өөрийн орны онцлогтой нийцүүлж, парламентын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгааны тайлан, Олон улсын парламентын холбооны зөвлөмж, Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн бүлэг, гишүүдийн санал, мөн иргэд, олон нийтийг хамруулсан хоёр удаагийн хэлэлцүүлгийн оролцогчдоос гаргасан саналыг тусгасан талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа тэмдэглэв. Мөн тэрбээр, Улсын Их Хурал хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрхийг хангасан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэнд тавьж, хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичиг, улс орны хөгжлийн зорилт, бодлогын уялдаа, залгамж чанарыг хангасан байх, үр нөлөөний үнэлгээнд үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, инновац, технологийн дэвшлийг дэмжих, олон ургалч үзлийг дэмжих, гишүүд, төлөөллийг чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцөл боломжийг бүрдүүлж, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгохоор Улсын Их Хурлын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, таван зорилго, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх 16 зорилтыг, хүрэх үр дүнгийн хамт стратеги төлөвлөгөөн тусгасан хэмээн дэлгэрэнгүй танилцууллаа.
Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт стратеги төлөвлөгөө нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол улсын урт, дунд хугацааны бодлого төлөвлөлтөд хамаарах эсэх, одоогийн парламентын онцлогийг хэрхэн тодорхойлсон, мөн өмнөх стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангуудыг харьцуулсан эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар үйл ажиллагаа шалгуур үзүүлэлтийг хэрхэн тусгасан талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжийг боловсруулалт хэлэлцүүлгийн шатад яаж засах, шударга байдал, хариуцлагын талаарх зохицуулалтыг хэрхэн тусгах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар хууль тогтоох үйл ажиллагааг Үндсэн хууль бусад хууль тогтоомжид хэрхэн нийцүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ардчилсан парламентын индикатор үзүүлэлтийн талаар дүгнэлт хийсэн, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ улс төрийн нам парламентад онцгой ач холбогдолтой тул олон намын тогтолцоог бэхжүүлэхтэй холбоотой зорилго, зорилт хэрхэн туссан талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт өөрийн онцлогтоо тохирсон стратеги, төлөвлөгөөг боловсруулж батлах нь парламентын төлөөллийн чадавх, засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн байх шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар парламент стратеги төлөвлөгөөндөө өөрийн бүтцээ чадавхжуулахад анхаарах, мөн үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан гаргах талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл тогтоолын төслийг дэмжиж байгаагаа байр сууриа илэрхийлсэн байна. Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал нэг бүрээр санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан саналын томьёоллыг Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөлд тусгасан байна.
Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, С.Ганбаатар, С.Бямбацогт, П.Сайнзориг, О.Номинчимэг, У.Отгонбаяр, М.Мандхай, Л.Соронзонболд, Б.Уянга, Ж.Галбадрах, Г.Очирбат, О.Батнайрамдал, Д.Пүрэвдаваа, С.Амарсайхан нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд олон тооны ажлын хэсэг байгуулсан нь парламентын үндсэн бүтэц болох Байнгын хороодын хүч, нөлөөг сулруулах, эсэх, Улсын Их Хурлын стратеги, төлөвлөгөөний төслийг хэлэлцэх дэгийн тухай, мөн уг төсөлд тусгагдсан хүн төвт үзэл санаанд суурисан байх, хууль зүйн техникийг нэвтрүүлсэн байх гэсэн томьёоллуудын хууль зүйн тодорхойлолт зэргийг тодруулж асуусан юм. Мөн хамтын шийдвэрийг хүндэтгэх зарчмыг Улсын Их Хурлын үнэт зүйлд тусгах, хуралдааны дэгийг сайжруулж, хэлэлцэж буй асуудлаар ойлголтоо нэгтгэн, үл олйголцлоо арилгаж байж нэгдмэл шийдвэрт хүрдэг байх, баталж буй хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэхэд онцгойлон анхаарах, хувийн болон бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон эдийн засгийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах концепцыг гол болгох, парламентын хянан шалгах чиг үүргийг бэхжүүлэх, зохион байгуулалтыг оновчтой болгох, Улсын Их Хурлын үйл ажиллагааны арга барилыг өөрчлөн шинэчилж, шийдвэр гаргах үйл явцыг ил тод, нээлттэй байлгах зэрэг олон асуудлыг хөндөж ярилаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд олон улсын парламентуудын бодлого, үйл ажиллагааны чиг хандлага, тэргүүлэх жишгийг судалж, нэвтрүүлэх, салбар дундын асуудлыг орхигдуулалгүй хэд хэдэн Байнгын хороо хамтран хэлэлцдэг байх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд үр дүнтэй хүргэхэд чиглэсэн зорилтуудыг стратеги төлөвлөгөөнд нарийвчилж тусгах, олон нийт, иргэний нийгмийн санаа бодлыг Улсын Их Хурлын гишүүд өөрсдөө хэрхэн цэгцтэйгээр авдаг байх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хийх ажлуудаа стратеги төлөвлөгөөнд тодорхой тусгах, улс орны хөгжлийн бодлого, стратегитай уялдуулах, улсын төсвийн төлөвлөлтийг хүн төвтэй бодлого руугаа чиглүүлж боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх болон стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал санхүүжилт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах талаар ямар тодорхой зүйл хийх зэргийг тодоруулж, санал бодлоо илэрхийлсэн юм. Парламентын шинэчлэлийг гүнзгийрүүлж, засаглал, манлайллыг бэхжүүлж, парламентын ардчилал өндөр хөгжсөн улс орны жишигт хүргэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүд чухалчлан хөндөж, хүний төлөө үйлчилдэг хууль тогтоомжийг баталж, хүнд нийцсэн стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналтаа бүрэн тавьдаг байхыг онцгойлон дурдаж байлаа. Мөн өмнө хэрэгжүүлсэн стратеги төлөвлөгөөний биелэлтийг бодитойгоор үнэлж дүгнэх, иргэн хүний боломж, бололцоог хаасан, эргэж буцсан шийдвэр гаргахгүй байх, Улсын Их Хурлын гишүүдийн иргэд, олон нийтийн болон аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсох бололцоог бүрдүүлэхээс ажлаа эхлүүлэх, стратеги төлөвлөгөөгөө стандарттайгаар хэрэгжүүлэх, геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй, энх тайван, аюулгүй байдал тогтворгүй, эмзэг, улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явцууд тодорхойгүй, мухардмал байгаа энэ үед улс орны нэгдмэл эрх ашиг, нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэж ажиллах нь чухал болохыг онцолсон юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийн асуултад, бид хүний эрхийг бүрэн баталгаатай хангадаг болохын төлөө өдөр болгон алхам хийж, өдөр болгон сайжруулж байх ёстой. Хөгжил дэвшлийн хурдыг гүйцсэн хууль эрх зүйн орчны өөрчлөлт шинэчлэлт бол ус агаар мэт чухал зүйл хэмээн хариулсан юм.
“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх санал хураалтыг мөн чуулганы маргаашийн буюу 11 дүгээр сарын 15-ны Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хийхээр боллоо