Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2024.10.22/ хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Ирэх 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны бүтэн жил учраас төсвийн бодлогыг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай хэмээн Сангийн сайд тодотгосон. Тэрбээр, шинэ 30 жилийн хөгжлийн суурийг тавих томоохон төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн 2025 оны төсөвт нийгмийн бодлогын чиглэлээр тусгасан онцлог арга хэмжээг дурдсан.
Монгол Улсын Засгийн газраас нийт төрийн албан хаагчдын цалинг 2023 оны 7 дугаар сарын 1-нээс дунджаар 40 хувиар, 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн.
Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ болон улс төрийн албан тушаалын албан хаагч сум, тосгонд ажиллаж байгаа бол 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа бол 20 хувиар үндсэн цалингаас тус тус тооцож 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс олгож байгаа юм.
Ирэх 2025 онд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон хэмээн танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төвийн бүсийг “Эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт, эрчим хүчний дэд бүс”-ээр тодорхойлж энэ хүрээнд хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн төв байгуулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг үе шаттайгаар нүүлгэх зорилт тусгагдсан. Энэ дагуу хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг харьяа байгууллагуудын хамт Дархан хот руу 2025 онд нүүлгэх ажпыг зохион байгуулна гэлээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд, төсвийн нийт зарлага 35.8 их наяд, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байхаар байгааг тэрбээр онцоллоо.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан юм.
Тэрбээр, аудитын зорилго нь Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төслийг арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр боловсруулж, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулан, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эсэхийг хянаж, үнэлэхэд чиглэсэн.
Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийн тулгамдсан болон хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шат болон нийслэлийн төвлөрлийг сааруулах том төслүүдийг эхлүүлэх зорилт тавьсан байна хэмээлээ.
Монгол Улсын Ерөнхий аудитор, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 /гучин гурван их наяд, найман зуун жаран дөрөв, аравны долоон/ тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 /гучин таван их наяд, долоон зуун ерэн тав, аравны хоёр/ тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 /нэг их наяд, есөн зуун ес, аравны таван/ тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 /нэг их наяд, есөн зуун гуч, аравны таван/ тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Монгол Улсын Ерөнхий сайдын багцын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.4 тэрбум төгрөгөөр, харьяа төсөвт байгууллагын өөрийн орлогыг 0.34 тэрбум төгрөгөөр, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын даргын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлогыг 0.1 тэрбум төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн төлөвлөсөн байна хэмээсэн.
Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, 20 минутын хот Үндэсний хорооны даргын 2025 оны төсвийн төсөлд автомашингүй гудамж, авто зогсоол, явган хүн энгийн болон цахилгаан хөдөлгүүрт дугуйн замын байгууламжийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах асуудал тусгажээ. Автомашингүй гудамж болон явган хүний, дугуйн замыг хаана байгуулах вэ. Энэ ажил нийслэл хотод хийж буй бусад ажлуудтай уялдсан уу хэмээн асуусан.
Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Улаанбаатар хотын төв бүсэд хэд хэдэн газар автомашингүй гудамж бий болгох асуудлыг ярьж байгаа. Одоо автомашины зогсоол байгаа газруудад давхар зогсоол байгуулж, аль болох олон машины багтаамжтай болгоод автомашингүй гудамжийг бий болгохоор тав, зургаан газрыг төлөвлөсөн. Энэ асуудлыг нийслэлийн бүтээн байгуулалттай уялдуулахаар ярилцаж байгаа гэсэн хариултыг өгсөн. Тэрбээр, “Москва” хорооллоос нааш хотын төв рүү чиглэсэн дугуйн замыг байгуулах төлөвлөгөөг тухайн үеийн “Гудамж” төслийнхөн гаргасан юм билээ. Энэ төлөвлөгөөг үргэлжлүүлэн дугуйн зам байгуулах ажлыг гүйцэтгэх боломжтой юм байна гэж бид үзсэн. Хотын удирдлага дэмжиж байгаа хэмээлээ.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээг Хөшигийн хөндийд байгуулахаар тусгасан байна. Нэг цэгийн үйлчилгээнд хүрэх хүн амын урсгалыг хэрхэн тооцсон бэ. Өчнөөн хөрөнгө зарцуулаад барьсан ч хүн нь зорьж очдоггүй газар болчих вий хэмээн тодруулсан.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр гүйцэтгэгч Б.Солонгоо, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Номтын аманд төр, захиргааны нэгдсэн байр, төрийн үйлчилгээний нэгдсэн цэг цогцолборыг байгуулах ажил эхэлсэн. Энэ оны төсвийн тодотголоор 100 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ цогцолбор 680 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд жил бүрийн төсөвт тодорхой хөрөнгө төсөвлөж явна. Энэ цогцолборыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн. Цаашдаа Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагуудыг шилжүүлэн суурьшуулахаар төлөвлөж байна. Бүсчлэлийн хувьд Шинэ зуунмод хотын эдэлбэр газарт цогцолбор байрлана хэмээн хариуллаа.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан, 2025 оны төсвийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтолоо