Нүүр хуудасМэдээУИХ: Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

УИХ: Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.05.02/ хуралдаан 10 цаг 51 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнанхны хэлэлцүүлгийг хийлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 60 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Э.Батшугар, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Ч.Ундрам, Н.Учрал, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсныг дурдав.

Ажлын хэсгээс Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг хүний амьдралын чанар, нийгэм, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн хөгжил, улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байхаар тодорхойлох; Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, бүс, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлт, тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхой болгох; Шинжлэх ухаан технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөрөнгө оруулалтад Татварын хууль тогтоомжид заасны дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх; Шинжлэх ухаан технологийн хүний нөөцийг бэлтгэх, шинжлэх ухааны шинжилгээний ажилтан, түүний нийгмийн баталгааг хангах; Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг өргөжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжилтийн журам, захиалагч, гүйцэтгэгчийн эрх, үүргийг зохицуулах талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг онцолж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Б.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “грант” гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилсан нөхцөл, болзол тавьсны үндсэн дээр тодорхой судалгаа, шинжилгээний ажил явуулах зориулалтаар шинжлэх ухааны үйл ажиллагаанд оролцогчдод буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг” гэсэн 3.1.6 дахь заалт, мөн төслийн 22 дугаар зүйлд “Засгийн газар хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх бөгөөд уг асуудлыг Татварын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ” гэсэн 22.2 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь тус тус дэмжлээ.

Мөн Улсын Их Хурлын дарга төслийн 13 дахь санал буюу 31 дүгээр зүйлд 31.4 дэх хэсэг нэмэх асуудалд гүйцээн боловсруулах чиглэл өгсөн бөгөөд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь   Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул  хэлэлцүүлэг Ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслүүдийн  талаарх зарчмын зөрүүтэй 48 саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 20 дугаар зүйлд. “оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх.” гэсэн 20.2.7 дахь заалт нэмэх, мөн төслийн 30 дугаар зүйлийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн 8.9 дүгээр санал буюу төслийн 12 дугаар зүйлд өөрчлөлт оруулах асуудалд Ажлын хэсгээс гүйцээн боловсруулах санал гаргасныг хуралдаан даргалагч зөвшөөрлөө. Түүнчлэн тус хуультай хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 9.14 дүгээр зүйлд “Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичиг олгох, хянах, хэрэглэгчийн статистик мэдээлэлд үндэслэн хязгаарлалт тогттоох, шаардлага тавихтай холбоотой журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуугаас гурван зуун нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянгаас дөрвөн мянган нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн 3 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

Энэ үеэр Ажлын хэсгээс гаргасан саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Н.Учрал нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжлүүлэв.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Хуралдаан “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлүүлсэн.

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул  Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 59 хувь нь дэмжсэнээр уг тогтоол батлагдлаа.

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлантай танилцлаа

Хуралдааны төгсгөлд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцсэн.

Хянан шалгах түр хорооны тайлангийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо  2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, Хянан шалгах түр хорооны тайланг гаргасныг  дурдаад Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажилласан гэв.

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хэрэгжсэнээс хойших  гурвах дахь удаагийн сонсгол гэдгийг тодотгож байлаа.  

Түр хороонд иргэдээс эмийн үнэ, чанарын асуудлаар болон төрийн хүнд суртлын талаар олон баримт, мэдээлэл цугларсан нь нийт 1164 албан тушаалтанд хамаарах 6200 нотлох баримт, 153 000 ширхэг цаасан баримт, 85 000 цахим файл болсон. Нотлох баримт цуглуулах хүрээнд 150 орчим хүнтэй уулзалт, ярилцлага хийж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн шинжлэх лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах, “Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлын гаалийн газар болон Техник импортын эмийн агуулах, Говь-Алтай аймгийн эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлгийн байгууллагын эм, эмнэлгийн хэрэгслийг хадгалж буй агуулахын нөхцөл байдал, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газар болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, Алтанбулаг боомтын үйл ажиллагаатай очиж танилцаж, эм, эмнэлгийн хэрэгслийн талаарх хилийн болон гаалийн хяналтын ажилтай танилцсан гэв.

Мөн тэрбээр уг сонсголоор асуудал өргөс авсан мэт эдгэрчихгүй ч гэлээ томоохон өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо нь холбогдох хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтад үндэслэн гаргасан дүгнэлтээ танилуулав. Үүнд:

Эмийн хүртээмжийн асуудлаар:

Манай улсын хувьд 2023 оны байдлаар нийт 4213 бүртгэлтэй эм байгаа бөгөөд үүний 79 хувийг импортын, 21 хувийг үндэсний үйлдвэрийн эм байна. Импортын эмийн хувьд 2018 онд 3.2 сая кг эм импортлож байсан бол 2022 онд 8.6 сая болж өссөн байна. Мөнгөн дүнгээр авч үзвэл, 2018 онд 232 тэрбум төгрөг, 2022 онд 447 тэрбум төгрөг болж өссөн байна. 2023 оны байдлаар 468 тэрбум төгрөгийн эмийг импортоор авсан бөгөөд 2020-2021 онд 1.6 дахин өсч түүнээс хойш тогтмол өсөлттэй байна.

Эмийн сангийн хувьд: 2018 онд 2128 байсан бол 2023 онд 2857 болж өссөн бөгөөд Улаанбаатар хотын хувьд 2021 онд 1325 байсан бол 2023 онд 1754 болон өссөн байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 1000 хүнд нэг эмийн сан ногдож байгаа бөгөөд энэ нь Стандартчлал, хэмжил зүйн тухай хуулиар  “500 метр дотор нэг эмийн сан байна” гэдэг зохицуулалт хасагдсантай холбоотойгоор эмийн сангийн тоо нэмэгдэх үндэслэл болсон байна. 

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт боловсруулах журам, арга, аргачлал байхгүй учир жагсаалт батлах бүрд эм нэмэх, шалгуурт өөрчлөлт оруулах, жагсаалтын шалгуураас хэдийг хангаж байж жагсаалтад эм орох ёстой нь тодорхой бус байна. Эмчилгээ, оношилгооны эмнэлзүйн удирдамж, зааврыг тогтмол шинэчлэн баталдаггүй, Бүртгэлгүй эмийг бүртгэж, эмчилгээ оношилгоонд ашиглах бодлого хэрэгждэггүй байна. Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөл нь тухайн жилийнхээ үйл ажиллагаатай холбоотой архивын нэгжээ Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөөгүй байна. Иймээс сонсголд зайлшгүй шаардлагатай эмийн 8,9 жагсаалтыг боловсруулсан ажлын хэсгийн мэдээлэл, хурлын тэмдэглэл, эм нэмэх, хасах саналууд зэрэг нотлох баримтууд ирээгүй учир тухайн жагсаалтад албан тушаалтнууд хэрхэн нөлөөлсөн, аж ахуйн  нэгжүүдтэй хамааралтай эсэх, ашиг сонирхлын зөрчлийг тогтоох боломжгүй байсан.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 24 дүгээр тогтоолд эм сонгох, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх хувь тогтоох арга аргачлал байгаагүй, тогтоолуудад буй ерөнхий нэршилд хамаарах бүх худалдааны нэршлийн эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулдаг, батлагдсан хөнгөлөлттэй эмийн жагсаалтын ерөнхий нэршилд хамаарах худалдааны нэршлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар нэмж оруулдаг байна.  Хөнгөлөлттэй эмийн үнийн дээд хязгаарт ижил бус өөрчлөлт орж байна.

Яаралтай горимоор бүртгэлгүй уналт таталтын эсрэг 44 нэр төрлийн эмийн импортын лицензид уналт таталтын эсрэг эмийн ангилалд багтаагүй, таталтын эсрэг үйлчлэлгүй, заалтгүй Л-карнитин эмийг оруулж импортын лиценз олгосон байна. Хүний эмийн зөвлөлийн хурлаар орж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын 1.8 дахь хэсгийг зөрчиж бүртгэгдсэн 17 ерөнхий нэршлийн 217 худалдааны эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон байна.

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийн талаар:

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг, 3.1.6 “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг, 3.1.11 “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг гэж тус тус зааснаар нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох эрсдэлийг тодорхойлох зорилгоор эм хангамжийн байгууллага дахь төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудыг хамруулж Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтад үндэслэн танилцуулсан. Тухайлбал,

Эрүүл мэндийн яаманд 2018-2023 онд ажиллаж байсан болон ажиллаж байгаа давхардсан тоогоор нийт 110 албан тушаалтан хамрагдсанаас 97 албан тушаалтан буюу 88.1 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилласан болон Зайлшгүй шаардлагатай эмийн 10 дугаар жагсаалтыг баталсан нийт 28 албан тушаалтан давхардсан тоогоор хамрагдсанаас 35 буюу 100 хувь нь хамаарал бүхий;

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 42 албан тушаалтан хамрагдсанаас 41 буюу 97.6 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 93 албан тушаалтан хамрагдсанаас 57 буюу 61.2 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Хүний эмийн зөвлөл, түүний салбар зөвлөл болох Эм зүйн салбар зөвлөл, Эм судлалын салбар зөвлөл, Биобэлдмэл, оношлуурын салбар зөвлөл, Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл, Фармакопей хороо болон эмийн бүртгэлийн шинжээчээр ажиллаж байсан болон ажиллаж байгаа давхардсан тоогоор 321 албан тушаалтан хамрагдсанаас 241 албан тушаалтан буюу 75.0 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Эрүүл мэндийн яамнаас 2018-2021 онд эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх болон ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг олгож ажилласан Тусгай зөвшөөрлийн комиссын гишүүн болон шинжээчээр ажиллаж байсан 50 албан тушаалтан хамрагдсанаас 32 албан тушаалтан буюу 64.0 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий; 

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас  2021-2023 онд эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх болон ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг олгож ажилласан Тусгай зөвшөөрлийн комиссын гишүүн болон шинжээчээр ажиллаж байсан болон ажиллаж байгаа 31 албан тушаалтан хамрагдсанаас 28 албан тушаалтан буюу 90.0 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Гаалийн ерөнхий газрын 41 албан тушаалтан хамрагдсанаас 14 албан тушаалтан болон 34.1 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 51 албан тушаалтан хамрагдсанаас 18 албан тушаалтан буюу 31.0 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий; 

Төрийн худалдан авах ажиллагааны газрын 34 албан тушаалтан хамрагдсанаас 8 албан тушаалтан буюу 23.5 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Аймгийн Эрүүл мэндийн төвүүд дэх 146 албан тушаалтан хамрагдсанаас 36 албан тушаалтан буюу 24.6 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий албан тушаалтан байна гэж тус тус үзэхээр байна гэж байлаа.

Түүнчлэн Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн суурь шалтгаан нь вальютын ханшийн өөрчлөлт, ковидын үеийн худалдан авалттай холбоотой байна. Ковидын үед эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагуудын борлуулалтын орлого 2-3 дахин, зарим байгууллагын цэвэр ашиг 4-5 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн эм ханган нийлүүлэх байгууллагуудын борлуулалт, маркетингийн зардлын өсөлт анхаарал татахуйц өндөр байна. Онцгой эрхт гэрээ байгуулаад тэр нь 1-40 жил цаашлаад хугацаагүй байдлаар сунгаад явах нь өөрөө давамгай байдалтай аж ахуй эрхлэгч, зүй ёсны монопол болж байгаа эсэхийг тогтоодог байх нөхцөл, хэрэгцээ, шаардлагыг үүсгэж байна. Иймээс онцгой эрхт (эксклюзив) гэрээг зохицуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай.

Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагууд хэрэглээндээ тохирсон худалдан авалт хийгээгүйгээс эм, хангамжийн байгууллагуудад төлөх их хэмжээний өглөг үүсгэсэн байна. Өр үүсэх болсон үндсэн шалтгаан нь тендерийг хүчингүй болгох буюу худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг амжилтгүй зохион байгуулах замаар шууд худалдан авалтыг хийсэн байна.

Эмийн бүртгэл болон чанарын хяналтын асуудлаар:

Эмийн бүртгэлийн зөрүүтэй байдлыг арилгаагүй тохиолдолд цаашид төрөөс эмийн зах зээлийг зохицуулах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, эмийн хяналт, зохицуулалтын нэгдсэн цахим тогтолцоо бүрэн бүрдээгүйгээс эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг нэгдсэн цахим тогтолцоогоор хянах, зохицуулахад хүндрэл учирч байна. /LICEMED/ сайтын системийн аюулгүй байдлыг тодорхойлох зорилгоор мэргэжлийн байгууллагаар Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэж ажилласан. Тус системийн ашиглалтыг хариуцдаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт сүлжээний хамгаалалтын төхөөрөмж буюу Firewall суурилуулаагүй. Энэ нь сүлжээгээр байгууллагын хэрэглэгч рүү чиглэсэн халдлага хийх боломжтой, халдлага болсон бол түүнийг илрүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Систем хэрэглэгч нь төвлөрсөн хэрэглэгчийн удирдлагагүй, хяналтгүй интернэт сүлжээнд холбогдсон, хортой кодын эсрэг программ суурилуулагдаагүй, үйлдлийн систем нь лицензгүй байгаа нь байгууллагын дотоод мэдээлэл алдах, халдлагад өртсөнөө тодорхойлох боломжгүй байна. Өгөгдлийн сангийн эрхийн нэр, нууц үгийг солих боломжгүй, серверт веб системээр дамжилгүйгээр өгөгдлийн санд засвар хийх, лог мэдээлэлд засвар оруулах эрсдэлтэй, өгөгдлийн сангийн хамгийн том эрхийн нэр, нууц үгийг хэдэн хүн мэдсэн, мэдэж байгаа нь тодорхойгүй. Өгөгдлийн сан, серверийн түвшинд тодорхой хэмжээнд бүртгэл хадгалагддаг ч системийн эмзэг байдлуудыг ашиглан логуудыг устгах бүрэн боломжтой зэрэг олон сул тал, эрсдэл тогтоогдсон.

Эмийн чанарыг шинжлэх лаборатор нь хүчин чадал, хүний нөөц хангалтгүй, эмнэл зүйн судалгаа буюу биоэквивалентын шинжилгээг хийдэггүй, эмнэл зүйн удирдамжийг шинэчлэх шаардлагатай, эмийн цувралын судалгаа, шинжилгээ хийгддэггүй зэрэг олон асуудлууд бугшжээ. Цаашид тус лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, харьяаллын асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Монгол Улсын “Эмийн зохицуулалтын төлөвшил”-ийг ДЭМБ-аас 2022 онд үнэлсэн үнэлгээгээр 4 түвшнээс 1 дүгээр түвшинд үнэлэгдсэн бөгөөд “Системтэй зохицуулалт байхгүй” гэж үнэлсэн. Эмийн талаар баримтлах төрийн бодлогын баримт бичиг байхгүй. Эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтыг сайжруулах, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, тогтолцооны байгууллагуудын чиг үүрэг, эрх хэмжээ нарийвчлан зохицуулагдаагүй (Хүний эмийн зөвлөл, ЭЭХХЗГ), зарим үйл ажиллагаа, процедур, шалгуурууд нарийвчлан зохицуулагдаагүй (Эмийн бүртгэл хийх, ЗШЭЖ, ЭМДС-аас хөнгөлөлт олгох эмийн жагсаалт батлах гэх мэт), онцгой эрхт гэрээ, эм хангамжийн байгууллага, эмийн сан, үйлдвэрийн үйл ажиллагааг хамаарал бүхий хуулийн этгээдүүд эрхэлж байгаа асуудлаар эрх зүйн харилцаа зохицуулалт хангалтгүй байгаа зэрэг асуудлууд байна гэж дүгнэсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, С.Чинзориг нар асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсэн.  Гишүүдийн зүгээс эмийн үнийн өсөлт өрхийн төсөвт багагүй дарамт үзүүлэхэд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авах, мөн эмийн сан болон эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан цаашид төрийн зүгээс эмийн зах зээлийг зохицуулах цаг болсныг онцолж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал уг дүгнэлтэд /LICEMED/ сайтын системийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтыг сайжруул, хөгжүүл хэмээн нэг системийг тухайлан тулгаж болохгүй. Бусад хувийн хэвшлийн нэвтрүүлж буй системүүд нь гацаанд орно гэдгийг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ эм хангамжийн байгууллагуудтай төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын хамаарал бүхий байгаад хэрхэн хариуцлага тооцох асуудлыг тодорхой тусгахгүй бол өмнөх асуудлууд шиг замхрах талтайг сануулж байлаа. 

Үүгээр нэгдсэн хуралдаан түр засварлаж, үдээс хойших хуралдаанаар Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны саналаар санал хураалтыг явуулахаар болов

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН