Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны … дугаар Улаанбаатар хот
сарын … –ны өдөр
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн“… 10 хувиар” гэснийг “ 5 хувиар” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг УИХ-аас батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж миний бие Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачлан боловсрууллаа.
Монгол улсад 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид НӨАТ гэх)-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт орсон байх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж байна. НӨАТ нь тухай улс орны төсвийн орлогын бүрдлийн голлох эх үүсвэр болохыг дэлхийн хэмжээнд харуулж чадсан чухал татвар гэж үздэг. НӨАТ-гүй улсуудтай харьцуулахад ижил орчин нөхцөлд байгаа НӨАТ-тай улсууд төсөвтөө илүү их орлого төвлөрүүлж чаддаг байна.
Өнөөдөр бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт маш их байна. ААНОАТ, НӨАТ, нийгмийн даатгалын татвар, нийслэлийн албан татвар гэхчлэн маш олон төрлийн татварын нэрмээс аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Нэмээд өндөр хүүтэй зээл, түрээсийн дарамтыг дурдахгүй байж боломгүй. Жишээ нь, эхний сарын 5 саяар түрээсийн гэрээ хийсэн ч 4 жилийн дотор сарын 18 сая төгрөг болж өссөн. Бүр 27 саяас 88 сая хүртэл түрээсийн төлбөрөө нэмсэн жишээ ч дурдаж болно. Түрээсээ төлж чадахгүй бизнес нь дампуурч байгаа аж ахуй нэгжүүдийн тоо өсөж байна. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ийм дарамтад өртөж дампуурвал улсын эдийн засаг, татварын орлогод томоохон хүндрэл учруулах нь тодорхой юм.
НӨАТ (value added tax) буюу зарим улс оронд хэрэглээний татвар (consumption tax), бараа үйлчилгээний татвар буюу (goods and service tax) гэж нэрлэдэг. Өнөөгийн манай улсад хэрэглэж байгаа татвар нь борлуулалтад ногдсон НӨАТ-аас худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасч тооцдог тогтолцоо юм. НӨАТ-ын гол онцлог нь татварын дарамтыг эцсийн хэрэглэгч үүрэх бөгөөд үйлдвэрлэгчдийн төлсөн татварыг хасалт хийж буцаан олгодог онцлогтой.
НӨАТ-ын бусад татвараас ялгагдах гол онцлог нь татварын системийг сайжруулах давхар зорилготой бөгөөд 2016 оны эхнээс Монгол улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсч далд эдийн засаг хумигдан төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөөлөл гарч байгаа хэдий ч энэ бүхний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх үзүүлэлтээр хэмжигдэх үнэлгээний хэмжүүр байгааг анхаарах нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрчээ. 2025 он гараад эдгээр ААН-үүд дээр байцаагч очиж, дансыг нь хаана. Үйл ажиллагааг нь зогсоох аюул нүүрлэж байна.
Манай улс орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөртэй (тухайлбал: Африкийн орнуудад 27, Өмнөд Америкийн орнуудад 37, Европын холбооны орнуудад 38, Ази номхон далайн орнуудад 35, Монгол улсад 68.5 гэсэн үзүүлэлттэй)хэдийч НӨАТ-ын буцаан олголт харьцангуй бага байгаа нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулах зорилгоосоо илүү төсвийн орлогыг бүрдүүлэхэд чиглэж байгааг харж болно. Өөрөөр хэлбэл, манай улсын НӨАТ-ын орлого өсч үүнийг дагаад орлого цуглуулах чадвар тасралтгүй нэмэгдэж байгаа нь сайшаалтай боловч үр дүнд нь инфляцийн түвшин болон ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсч болзошгүй байна.
Учир нь НӨАТ бол шууд бус татварын төрөл бөгөөд аливаа шууд бус татвар нь үнийн бодлогод нөлөөлдөг. Ялангуяа шууд бус татварын систем нэвтрүүлэх үед үнийн хөөрөгдөл гарах нь ажиглагддаг. Хэрэглэгчдийн төлөх үнэ шууд бус татварын нөлөөгөөр нэмэгдэнэ. Чухам ямар хэмжээгээр нэмэгдэх нь тухайн бараа ажил үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн түвшингээс хамаарна. Энэ нөлөөлөл нь инфляцийн түвшинг өсөхөд нөлөөлдөг.
Шууд бус татвар нь бага орлоготой хүмүүст илүү дарамттай байх бөгөөд өндөр орлоготой хүмүүст арай бага дарамттай байна. Жишээ нь: сарын 1000 000 төгрөгийн орлоготой хүн орлогынхоо тал хувийг буюу 500 000 төгрөгийг хэрэглээнд зарцуулдаг гэж үзвэл нийт сарын орлогын 5 хувь нь НӨАТ-т зарцуулагдана. Хэрэв 5 000 000 орлоготой хүн 500 000 төгрөг хэрэглээнд зарцуулдаг гэвэл НӨАТ-тай худалдан авалтад зарцуулдаг гэж үзвэл түүний орлогын 1 хувь нь НӨАТ-т зарцуулагдана. Үүнээс үзэхэд орлогын түвшингийн хувьд урвуу татвар юм. Хэрэглээний татварын хувьд хэрэглээ өндөр байвал төлөх татвар нэмэгдсээр байх болно.
Борлуулалтын татварын хувьд мөн ижил бөгөөд алслагдсан сум орон нутагт амьдардаг хэрэглэгч нарт хүрэх бараа нь хэд хэдэн дамжлага дамжиж хүрэх учир татварын давхардлын нөлөөгөөр өндөр үнэтэй болох бүрэн магадлалтай.
Шууд бус татвар нь ашигт ажиллагааны түвшингээс үл хамаарч ногддог тул ашгийн түвшин багатай татвар төлөгчдөд хүндээр тусдаг. 1 хувийн ашигтай бизнес хийдэг иргэнд 1 хувийн борлуулалтын татвар ногдуулбал бизнес дампуурна. Харин 50 хувийн ашигтай ажилладаг бизнест багавтар нөлөө үзүүлнэ. Ашгийн түвшин багатай бизнес нь ихэвчлэн хөдөлмөр илүү шаардсан ажлууд байдгаас борлуулалтын татвар нь ажилгүйдлийн түвшинд нөлөөлж байдаг. Иймд борлуулалтын татвар нь ихэнх тохиолдолд хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд илүү дарамт учруулах ба томоохон бизнестэй өрсөлдөх чадваргүй болгох эрсдэлтэй.
Дээрхээс дүгнэж үзвэл Монгол улсын НӨАТ-ын систем тэр дундаа НӨАТ-ын Орлого цуглуулах чадварын үзүүлэлтийг сайжруулах болон татвар төлөгчдийн баазыг өргөтгөж, НӨАТ-ын хувь хэмжээг бууруулсанаар дээрх эрсдлүүдийг хязгаарлах боломж гарна гэж үзлээ.
Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувь хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” заалтын “… 10 хувиар ногдуулна.” гэснийг “… 5 хувиар ногдуулна.” гэж өөрчлөх санал гаргаж байна.
Хуулийн өөрчлөлт батлагдсанаар дээр дурдсан Орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй харин эсрэгээрээ нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.
—–оОо——
БАТЛАВ:
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Нэг.Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах дараах хууль зүйн үндэслэл, практик шаардлага байна. Үүнд:
- .Хууль зүйн үндэслэл:
“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэсэргэлтийнбодлогo”, Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.2.7, 2.1.2.10, 3.1.2.1, 3.2.2.3 дэх хэсгүүдболон “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн боловсруулсан болно.
1.2.Практик шаардлага:
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувь хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” гэж хуульчилсан. Статистик мэдээллээс харахад Монгол улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсч, далд эдийн засаг хумигдан төсвийн орлого нэмэгдэх сайн үр дүн байгаа хэдий ч энэ бүхний цаана орлого цуглуулах чадвар хэмээх үзүүлэлтээр хэмжигдэх үнэлгээний хэмжүүр байгааг анзаарах ёстой. Манай улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт маш өндөртэй боловч НӨАТ-ын буцаан олголт бага олгож байгаа нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулах зорилгоосоо илүү төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр илүү ач холбогдол өгч байгааг харж болохоор байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын НӨАТ-ын орлого өсч үүнийг дагаад Орлого цуглуулах чадвар нэмэгдэж байгаа хэдийч үр дүнд нь инфляцийн түвшин болон ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл хэвээр байгаа төдийгүй аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд дарамт болж байна.
НЭГ. НӨАТ төлөх аж ахуй нэгжийн тоо нэмэх
Нийт аж ахуй нэгж байгуулагуудаас хуулийн этгээд буюу компани, хоршоо гэх мэтийг салгаж харвал 250 мянга орчим байна. Эдний ердөө 36.9% нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулж, үлдсэн 63.1% нь үйл ажиллагаагаа эхлээгүй, түр болон бүрэн үйл ажиллагаагаа зогсоосон байдалтай байна. Идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж буй 104.5 мянган этгээдийн 83% нь компани хэлбэрээр, үлдсэн нь ТББ, нөхөрлөл, хоршоо гэх мэт хэлбэртэй байна. Хуулийн этгээдүүдийг үйл ажиллагааны чиглэлээр нь харвал дийлэнх буюу 40.7%-ийг нь үйлчилгээний салбар, хамгийн бага буюу 3.4%-ийг ХАА-н салбарынхан бүрдүүлжээ. Үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдийн 83% нь 1-9 ажилтантай бол ердөө 3% нь 50 ба түүнээс дээш ажилтантай аж. Түүнчлэн нийт идэвхтэй хуулийн этгээдэд 866 мянган хүн ажиллаж байгаа буюу 1 идэвхтэй хуулийн этгээдэд дунджаар 9.4 хүн л ажиллаж байна. Нийт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдээс орлого олдог 85 мянган орчим аж ахуй нэгж бий. 4 сая хүртэл орлоготой 17.2 мянган аж ахуй нэгж байхад 2.5 тэрбумаас дээш орлоготой ердөө 4.7 мянган аж ахуй нэгж байна. Улмаар уг 4.7 мянган компани нийт орлогын 86.6%-ийг дангаараа бүрдүүлдэг. Тэгэхээр бага орлоготой олон, арай их орлоготой цөөхөн хэдэн л компани байна.
ХОЁР. НӨАТ-ын хуульд байгаа зарим алдааг засварлах
Монгол Улсын 10000 иргэн улсын хилээр 100.0 тэрбум төгрөгийн барааг импортлон оруулж ирсэн гэж үзвэл 50.0 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой учраас НӨАТ тайлагнагч /төлөгч/ биш гэсэн ойлголт төрүүлэхээр байдаг. Гэтэл НӨАТ-ын хуулийн 9.3 дахь заалтаар 10000 иргэн бүгд НӨАТ төлөгч боловч НӨАТ-ын буцаан олголтын сангаас буцаан олголт авах эрхгүй нь тэдгээр иргэдийн борлуулалтын орлого 50.0(хуучин хуулиар 10.0 сая төгрөг) сая төгрөгт хүрдэггүйтэй холбоотой байдаг. |
2022 оны байдлаар Татварын албанд НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн 50000 орчим иргэн, аж ахуйн нэгжүүд бий. Эдгээр татвар төлөгчид НӨАТ-ын орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг. Хоёрдахь нь, НӨАТ төлөгч бус 300000 орчим иргэн, аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогыг хянах бодлоготой бөгөөд олгосон баримтад нь НӨАТ бодогдож төлөгдөхгүй байгаа юм. |
Иргэдийн нэрээр импортоор орж ирсэн барааны гааль дээр төлсөн НӨАТ нь улсын төсөвт шууд ордог боловч дээрх иргэд НӨАТ төлөгч биш гэсэн ангилалд хамаарагдан НӨАТ-ын буцаан авалтын сангаас хүртэх эрхгүй байсан. |
Хуучин хуулиар Импортолсон бараа бүтээгдэхүүнийг худалдан авч цааш нь дамжуулан борлуулж байгаа этгээд болон үйлдвэрлэлдээ түүхий эд материал болгон хэрэглэж байгаа үйлдвэрлэгчид “анх тухайн барааг импортолсон иргэд нь НӨАТ-ын падан бичиж өгөөгүй” гэдэг үндэслэлээр тэдгээрийн гааль дээр төлөгдсөн НӨАТ-ын зардлыг өөрсдийн төлөх НӨАТ-аасаа хасч чаддаггүй. Иймд тухайн барааны гааль дээр төлөгдсөн НӨАТ дээр дахин НӨАТ-ын татвар нэмж улмаар 2 удаа давхардсан НӨАТ-тайгаар эцсийн худалдан авагчид борлуулагдаж тэдгээрийг давхар хохироосоор байна. Энэхүү эрсдлээс хамаарч татвар төлөгчид НӨАТ-ын тайлан гаргахаас зайлсхийх, НӨАТ-ын хуурамч тайлан гаргах, эсвэл бусад жижиг нэгжийн НӨАТ-ыг өмнөөс нь төлж 2 талдаа татварын хөнгөлөлт эдлэх зэрэг хууль бус үйлдэл хийх нөхцөл бүрдээд байсан. Энэхүү эрсдлийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэчилсэн хууль хэрэгжсэнээр бууруулж эхлээд байна. |
Иймд дээрх эерэг үзүүлэлтийг улам гүнзгийрүүлэхийн тулд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувь хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” заалтын “… 10 хувиар ногдуулна.” гэснийг “… 5 хувиар ногдуулна.” гэж өөрчлөх, хуулийн хэрэгжилтийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэх санал гаргаж байна.
Хоёр.Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Монгол улсын НӨАТ-ын систем тэр дундаа НӨАТ-ын Орлого цуглуулах чадварын үзүүлэлтийг сайжруулах болон татвар төлөгчдийн баазыг өргөтгөж, НӨАТ-ын хувь хэмжээг бууруулсанаар дээрх эрсдлүүдийг хязгаарлах боломж бүрдэх сайн талтай.
Энэхүү Хуулийн өөрчлөлт батлагдсанаар Орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчид НӨАТ-аа ил тод нээлттэй мэдээлж, тэдний бааз нэмэгдсэнээр хуулийн үйлчлэх хүрээ нэмэгдэн эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар
Бидэнд НӨАТ-ын орлогын тоон дүнд нь бус чанарт анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага гарч байна. НӨАТ-ын буцаан олголтыг зугуухан нэмэгдүүлсэнээр НӨАТ-ын орлого цуглуулах чадвар өсч инфляцийн түвшин, ажилгүйдлийн түвшин, ДНБ зэрэгт эерэг нөлөө үзүүлэх боломж их байгаа нь харагдаж байна. Иймд НӨАТ-ын орлогын тоон өсөлтөнд бус чанарт нь анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байгаа бөгөөд шийдвэр гаргагчид дараах арга хэмжээнүүдийг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
–Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувь хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” заалтын “… 10 хувиар ногдуулна.” гэснийг “… 5 хувиар ногдуулна.” Гэж нэн яаралтай өөрчлөх,
А. Нэмэгдсэн өртгийн албан татвар ба Эдийн засгийн харилцан хамаарал үр дагавар
Аливаа татвар нь эдийн засгийн зохицуулалтгүй бол нийт байгууллага, иргэдийн ажил болон амьжиргааны түвшинд шууд нөлөөлж байдаг эдийн засгийн онцгой төрлийн механизм юм. Эдийн засагт үнэ болон орлогын хуваарилалт нь нийтлэг нөлөөлдөг гол хүчин зүйлүүд болохын хувьд НӨАТ үүнд чухал үүрэгтэй. Төрийн хэрэгжүүлэгч байгууллага нь НӨАТ-ын орлого цуглуулах чадвар ба эдийн засгийн хамаарлыг тодорхойлохоос өмнө татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэх үзүүлэлтийг тодорхойлох нь чухал ач холбогдолтойг анхаарах нь зүйтэй гэж үзэж байна.
Б. НӨАТ-ын Орлого цуглуулах чадвар
Татварын орлого цуглуулах чадвар гэдэг нь тухайн татварыг нэвтрүүлснээр улс орон нутгийн төсөвт нэмж төвлөрөх татварын орлогын хэмжээг тодорхойлох хэмжигдэхүүн юм. Орлого цуглуулах чадварын үзүүлэлтийг тооцохдоо дараах аргаар тооцно. Үүнд:
НӨАТ-ын орлогын ДНБ-д эзлэх хувь
Орлого цуглуулах чадвар = __________________________________ x 100
НӨАТ-ын үндсэн хувь хэмжээ
Татварын орлого цуглуулах чадвар нь юуны түрүүнд татварын бааз суурь (татвар ногдох зүйл, хөнгөлөлт чөлөөлөлт), татвар төлөгчдийн тоо болон татварын хувь хэмжээнээс шууд хамаарна.
Дөрөв.Хуулийн төсөл нь бусад хууль тогтоомжтой хэрхэн уялдах талаар
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуультай бүрэн нийцэх боломжтой бөгөөд хуулийн төсөлтэй уялдуулан 2020 оны Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг НӨАТ-ын тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 5 хувиар татвар ногдуулах тухай заалттай нийцүүлнэ.