Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны байнгын хорооны Зүүн Ази, Номхон далайн дэд хорооны ажлын албаны дарга Томас Хилл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.08.14) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчид Монгол Улсад тогтмол ирж, хамтран ажиллах уламжлал тогтож буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан амжилттай хөгжиж буйг онцоллоо.

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн тэргүүн Томас Хилл айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин, уул уурхай, эрчим хүчний салбарын боломж, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцсон гэлээ.


Уулзалтын үеэр талууд чухал ашигт малтмал, эрчим хүч, хөрөнгө оруулалт зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааны талаар болон эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын хүрээнд санал солилцов.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа Монгол Улс уул уурхай, эрчим хүчний салбарыг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчны тэнцвэрт байдал, хүн, ус, хөрс, бэлчээр, мал аж ахуйд үзүүлэх нөлөөллийг цогцоор авч үзэх нь чухал гэдгийг онцолсон.

Мөн Монгол Улсад судалгааны ажлын үр дүнгээс үл хамааран тогтмол санхүүжилт олгох тогтолцоо давамгайлж байгааг дурдаад, АНУ-ын өрсөлдөөнт судалгааны санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлдэг туршлагыг үнэлж буйгаа тодотгосон. Тэрбээр судалгааны үр нөлөө, хэрэгжих боломжийг нарийвчлан үнэлж, санхүүжилт олгодог тогтолцоо нь шинжлэх ухааны салбарын хөгжилд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хоёр орны их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид, хамтарсан судалгаа хийх боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн тэрбээр эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндсөн.


Төлөөлөгчдийн тэргүүн Томас Хилл, АНУ чухал ашигт малтмал, эрчим хүч болон стратегийн нийлүүлэлтийн сүлжээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгааг дурдав. Мөн хөрөнгө оруулалтын орчныг илүү тогтвортой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Түүнчлэн АНУ-ын талаас худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсаас АНУ-д экспортлох тодорхой төрлийн боловсруулсан бүтээгдэхүүнд ногдох тарифыг бууруулах, чөлөөлөх зорилготой “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг дахин өргөн барих чиглэлээр ажиллахаа мэдэгдсэн юм.


Уулзалтын төгсгөлд талууд Монгол, АНУ-ын харилцааг цаашид улам бэхжүүлэх, дээрх чиглэлүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцоллоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН