Нүүр хуудасМэдээУИХ-ын дарга Г.Занданшатарын сүүлийн сонсгол эхэллээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын сүүлийн сонсгол эхэллээ

Дотоодын улс төрийн түүхэнд, цаашлаад Төв Азийн зүрхэнд орших ардчиллын баянбүрд болсон “Монгол Улсын улс төр” гэх түүхийг дэлхий дахины зузаан архивт бичиж үлдээхэд түүхэн хувь нэмрээ оруулсан Гомбожавын Занданшатар спикертэй найм дахь парламент өндөр үүдээ хаахаар энэ өдрүүдэд бэлтгэж байна. Хэдхэн өдрийн дараа монголчууд ес дэх парламентаа илүү өргөн далайцтай буюу парламентын засаглалд шилжсэн өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо хаалганы цаана үлдээгээд, ололт амжилтаа харин хамж шуудайлан үүрсээр угтан авахад бэлтгэж буй.

Г.Занданшатарын удирдсан парламентын онцлох ажил болох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тогтолцооны шинэчлэлтээр хийгдсэн 126 гишүүнтэй цоо шинэхэн парламент мэндлэхээр “дуншиж” буй энэ цагт эргэлтийн хийгээд сэргэлтийн шинэ түүхийг бичиж үлдээхэд асар их хувь нэмрээ оруулсан хүн бол яах аргагүй өнөөгийн спикер Г.Занданшатар. Учир нь найм дахь удаагийн парламентыг удирдах хугацаандаа тэрбээр хуулийн эрс шинэчлэл, өөрчлөлт бүрийг тууштай, зангарагтай эхлүүлсний үр дүнд дараагийн 30 жилийн цоо шинэ түүхийг бичих их шинэчлэлийн цөмийг өрж, УИХ-ын нэр хүндийг өнгөрөгч 30 жилийн хугацаанд байгаагүйгээр өсгөж, тэр хэрээрээ ч нээлттэй, хариуцлагатай, ил тод парламент бий болгох үндэс суурийг бэлтгэж өгөөд явах нь ээ. Товчхондоо, түүний удирдсан парламент хамгийн сүүлийн нээлттэй сонсголоо өнөөдөр эхлэхэд бэлэн болж байна. Ил тод байдлыг хангах хуулиар бий болгож чадсан Нотлох баримтыг шинжлэх судлах хяналтын сонсгол гэгчийг парламентын түүхэнд оруулж ирснээрээ монголчууд хаалттай хаалганы цаана явагдаж байсан хулгайгаа нээлттэй индрээс ярьдаг болж, төрийн бүх шатанд цэгцрэх хөдөлгөөн өрнөв. Хулгай бүхэн хар мөр үлдээдгийг санаж, сэрсэн, тангараг өргөсөн алба хаагч, томилж явуулсан улстөрчдийнхөө үнэн нүүр царайг баггүй тольдсон энэхүү хяналтын сонсголыг парламентад төлөвшүүлж чадсанаараа бид өнгөрсөнд үлдээх алдаагаа илүү тодоор тольдож, амжилтаа харин олж шүүрдэх боломж ч гарсан хэрэг биз ээ.

Найм дахь удаагийн парламент энэ өдрүүдэд Хөгжлийн банк, Нүүрс, Эмийн хулгай, Ногоон автобус гэсэн дөрвөн хулгайн асуудлыг хэлэлцэхдээ ямар, ямар үр дүн гаргасныг товчхон эргэж шүүрдэе.

-Хамгийн анхных буюу Хөгжлийн банкны нээлттэй сонсголоор 672 хүнийг гэрчээр дуудсанаас 356 нь хүрэлцэн ирж, мэдээлэл солилцжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийгдсэн 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийж, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд, 355 зээлийн 2.9 их наяд, 2542 төсөл хөтөлбөрийн 1.6 их наядын асуудлыг нэгбүрчлэн шүүн тунгаав. Үүний үр дүнд чанаргүй ангилалд ороод байсан 17 том зээлдэгч өрөө бүрэн төлж, 1.7 их наядын зээлийн эргэн төлөлт хийгдсэн юм. Хэзээ мөдгүй дефолт зарлахад ойрхон байсан Монгол Улсын зээлжих зэрэглэл эргээд тогтвортой В түвшинд шилжиж, хаалгаа барихад ойрхон байсан Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдрээд зогсохгүй бүр Евро, Самурай бондын нийт 700 сая ам.долларын өрийг төлж барагдуулан, баяртайгаар “мишээж” зогсоо. Энэ бол үр дүн. Хий хоосон магтаалаас илүү өөрөө ярьж буй амжилт, бодит тоо. Хөгжлийн банкнаас эрх мэдэл албан тушаалаа ашиглан зээл авсан олон, олон зээлдэгчид хуулийн хаалга татаж, зарим нь хариуцлагаа хүлээгээд явж байна.

-Цар тахлын хүнд цаг үед улс орноо худалдаад идчихсэн, эх орныхоо баялгийг ичгүүргүйгээр зөөж идсэн бүлэглэлийн асуудлыг хоёр үе шаттай “Нүүрсний сонсгол”-оор хянан хэлэлцсэний үр дүнд хуулийн дээр “мордсон” хулгайч нарыгаа эхнээс нь шоронд явуулж, шалгуулж эхэллээ. Нийт 60 сэдвээр 577 гэрч дуудаж явуулсан энэ сонсгол Тавантолгойн орд газар буюу орон нутгийн өмчит “жижиг” Тавантолгой, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-д тус, тус эзэн суусан МАНАН бүлэглэлийн үнэн нүүрийг илчилж өгсөн билээ. Чухамдаа бидний тахин шүтэж, хаан мэт хүндэлж ирсэн улстөрч бүхэн нүүрстэй холбогдож, нүүрс зөөж, ах дүү амраг садан, бүр бүлэг фракциараа нэгдэж нийлээд улсынхаа баялгийг хил давуулан зөөж, идсэн түүхийг нэмэлт хачиргүйгээр, улстөржилтгүйгээр нээлттэй индрээс үзэв, бид. Тэгвэл сонсголын дараа 9000 хуудас баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсний үр дүнд 66 хүн өдгөө хуулийн байгууллагаар шалгуулж, 22 хүнд ял төлөвлөж, 11 хүнд ялыг нь оноолоо. Хоёр ч УИХ-ын гишүүнийг нүүрсний хэргээс үүдэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, дараагийн 2-3 улстөрчийн хувь заяа бүрхэг байдалд шилжлээ.

-Ядарсан ард түмнээ чанаргүй эмээр угжиж, бүр мафийн сүлжээ мэт ажиллаж байсан эрүүл мэндийн байгууллагын үе, үеийн дарга сайд, хурган дарга нарын сүлжээг илчилсэн эмийн сонсгол мөн л нийгэмд дуулиан тариад амжсан. Эрүүл мэндийн яаманд насаараа ажилласан, ажил хийх гэхээс илүү хийдүүлж цалин авдаг хурган дарга нар бүгд шахуу л эмийн бизнест хутгалдсан бодит баримтыг шинжлэн судалсан түр хорооны хурал гурван өдөр үргэлжилж, 1164 албан тушаалтантай холбогдсон 6200 нотлох баримт, 15300 цаасан, 85000 цахим файлыг нэгбүрчлэн 11 шинжээч уншиж судлан дүгнэлт гаргаж танилцуулсан. Ингэхдээ 150 гэрчийг дуудсан бөгөөд сонсголын дараа 200 албан тушаалтныг хуурамч эм оруулж ирж ашиг олсон, эмийн бизнес, бүлэглэл, сүлжээтэй төрийн албаны нэр хүндээ умартан нэгдэж нийлсэн хэмээн шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэдгийг түр хороог даргалагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дуулгана билээ.

-Хамгийн сүүлд буюу хэдхэн өдрийн өмнө болсон “Ногоон автобус”-ны сонсголд 120 хүнийг гэрчээр дуудсан. Товчхондоо, Вьетнам улсад угсарсан хуучин автобусыг шинэ хэмээн оруулж ирэхдээ ямар нэг үнэлгээний хурал хийгээгүй, тэр байтугай сонгон шалгаруулалт хийхгүйгээр хэдхэн хурган даргын гарын үсгээр баталгаажуулан нэг компанид давуу байдал олгон хилээр оруулж ирж ард түмнээ хуурч, төрийн мөнгөөр тоглосон энэ булхай луйвар олны өмнө илчлэгдэв. “Би мэдэхгүй” хэмээн мэлзэж байсан дарга нар өнөөх луйварт гүн бат шигдсэн нь ил болж, юутай ч “Тэнүүн-Огоо” 70 тэрбумыг улсад буцаан төлөхөөр болов. Солонгосын талын компанитай үгсэн хуйвалдаж, хуучин автобус шахсан Хотын дарга огцорч, улс төрийн хувьд ч эргэж рингэн дээр гарч чадахгүйд хүрсэн. Түгжрэлийн сайд асан нь өдгөө хуулийн байгууллагаар шалгуулж эхэлсэн нь сайн төрийн дээр хууль ноёлж буйг харуулсан сайн жишээ болов.

Тэгвэл өнөөдөр бид энэ парламентын түүхийн хуудсанд бичигдэх сүүлийн хяналтын сонсгол буюу УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн удирдах “Ашигт малтмалын лиценз, газар олголт”-той холбоотой түр сонсголыг үзэх гэж байна. Монголын байгалийн баялаг өнөөх алдарт 30 гэр бүлд хэрхэн төвлөрч байдгийг ил тод сонсох нь ээ. Монгол хүн бүр баялагтай эзэн суух, тэндээс ашиг хүртэх ёстой гэдэг ч хэн эзэн сууж, хэд нь тэндээс ашиг хүртэж ирснийг индрээс элдэв уянгын халил, нэмэлт хачир, уран гоё үггүйгээр харах нь ээ. Товчхондоо, уул уурхайг тойрсон эрх ашиг, бүлэглэл, наймааг бид энэ өдрүүдэд тольдон харах учиртай. Тэр бүхний дараа, энэ бүх хулгайн дараа харин та бид дараагийн 30 жилийг эмхлэх, цоо шинэ эхлэлийг бүтээх учиртай 126 улстөрчдөө эрүүл ухаанаар сонгож, илгээх хариуцлагатай цаг мөчтэй тулгарах учиртай юм.

Тэгвэл энэ бүхний төгсгөлд монголчууд бид  улс төрийн алдаа оноо, гал дөлтэй маргаан мэтгэлцээн, бүлэглэл хоорондын ил шулуун зодоон дундуур өөрийн зангараг, манлайллыг үзүүлж энэ хэмжээнд эрүүл парламент бүрдэх хөрс суурийг бэлдэж өгөөд явж буй спикер Г.Занданшатарт талархал илэрхийлье. Тэр чадлаа. Нээлттэй ил тод, хамгийн гол нь иргэнээ сонсдог, мэдэрдэг, тэдний дуу хоолойг төрд хүргэдэг парламент байж болдгийг тод томруунаар, түүхэн өөрчлөлтийн хуулиудаараа дархалж үлдээсэнд нь талархах учиртайюм. Г.Занданшатарын манлайлал товчхондоо Монгол Улсын Гавьяат хуульч Б.Чимид агсаны хэлсэн “Сайн төрийн дээр хууль ноёлдог” гэх үгийг Монголын парламентад, улс төрийн түүхэнд тод томруунаар бичиж үлдээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН