Нүүр хуудасМэдээУИХ-ын дарга Г.Занданшатар: Монголын нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, буруу бусармагийг уудлан илчлэхийн...

УИХ-ын дарга Г.Занданшатар: Монголын нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, буруу бусармагийг уудлан илчлэхийн төлөө үг өгүүлбэр, үзэл бодол, нийтлэл нэвтрүүлгээ чиглүүлэхийг Та бүхэндээ хандан уриалъя

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛАН ГАРГАСАН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

Эрхэм хүндэт сэтгүүлчидээ,

Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

            Жил бүрийн тавдугаар сарын 3-нд дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмуудынхэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн хараат бус байдлыг сахин хамгаалах асуудлыг хөндөж ярилцдаг. Ил тод, хариуцлагатай засаглал, ардчиллыг төлөвшүүлэхэд чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам бүр өссөөр байна.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж буй тогтолцооны шинэчлэл, шударга ёс, хуулийн засаглал, эрүүл нийгэм, хөгжлийн эдийн засгийн төлөөх Цэгцрэх хөдөлгөөнийг дэмжин түших бат багана, идэвхжүүлэн хошуучлах нэг хөшүүрэг нь хэвлэл мэдээлэл болж байгаад Эрхэм сэтгүүлчдэдээ талархал илэрхийлье.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэн дээдлэхээ тунхагласан хэдий ч элдэв цензур, дарамт, сэтгүүлчдийгхорих, хүчирхийлэх зэрэг эрсдэлүүдоршсоор байна.Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2023 оны индексээр Монгол Улс дэлхийн 180 орноос 88-д бичигдэж, 2022 оныхоос 2 байр ахиж, 2021 оныхоос 20 байр ухарчээ.

Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг нийт нийгмийн үнэ цэнболгох үйл явц манай улсад дунджаас доогуур түвшинд, олигтой ахиц гарахгүй байгааг харуулсан үзүүлэлт мөн. Тиймээс энэ чиглэлээр бодлого боловсруулагчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг тууштай дэмжих нь нэн чухал гэж УИХүзэж байна.

Манай парламент цахим шилжилт хийж, хууль тогтоох үйл ажиллагаандаа олон нийтийн, түүний дотор хэвлэлийнхний оролцоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг чухалчилж байгаа.Парламентын хяналт шалгалтын чиг үүрэг шинэ шатанд гарснаархяналтын тогтолцоо ард иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцоонд тулгуурлах болсон нь чухал дэвшил юм. 

2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Дэлхийн төлөөх хэвлэл: Байгаль орчны хямралын эсрэг сэтгүүл зүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр ЮНЕСКО-гоос шийдвэрлэжээ. Дулаарал, цөлжилт, байгаль орчны доройтол, ган зуд гээд гамшигт үзэгдэл Монгол Улсын хувьд санаа зовнисон асуудал хэвээр байна.

Дэлхийн улс орнуудынэрүүл, аюулгүй орчны байдлыгилэрхийлдэг Хүрээлэн буй орчны үзүүлэлтийн индексээр Монгол Улс 2022 онд дэлхийн 180 орноос 155-д эрэмбэлэгджээ.Үүн дотроо агаарын чанараар 172-д, хүхрийн давхар ислийн ялгаралтаар 176-д, тоосонцрын нөлөөгөөр 173-т, эрүүл байгалийн үзүүлэлтээр 141-джагссан нь түгшүүр төрүүлсэн асуудал мөн.

Түүнчлэн баялгийн хулгай, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих явдалбайсаар байна. Тиймээс УИХ-аас саяхан баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтэд хэвлэлийн хяналт тавих, орчны бохирдлын эсрэг аливаа үйлдлийг илчлэн тэмцэх, онгон байгалийн эрүүл саруул байдлыг сахин хамгаалахын төлөөТа бүхэнтэйгээ хамтран ажиллахад бид бэлэн байна. 

Эрхэм сэтгүүлчид ээ,

Хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй, чөлөөт хэвлэл мэдээлэл бол Монголын сайн сайхны баталгаа, үнэт баялаг мөн бөгөөд түүнийг эрхэмлэн нандигнах нь сэтгүүлчдийн төдийгүй, Монгол Улсын язгуур эрх ашигт бүрнээ нийцнэ.

Орчин үеийн нийгэмд иргэд нь мэдээллийн боловсролтой, сэтгүүлчид нь  мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй байвал хэвлэл мэдээлэл сая дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлж чадна.

Тиймээс үнэн зөв, баталгаатай мэдээлэл, хараат бус байдал, ёс зүй, үүрэг хариуцлагаа эрхэмлэн дээдэлж, Монголын нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, буруу бусармагийг уудлан илчлэхийн төлөө үг өгүүлбэр, үзэл бодол, нийтлэл нэвтрүүлгээ чиглүүлэхийг Та бүхэндээ хандан уриалъя.

Монгол Улсын Их Хурлын дарга

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2024 оны 05 дугаар сарын 03

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН