Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.05/ Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан нараас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Үндсэн хуульд өмчийн эрхийг хамгаалахтай холбоотой олон заалтууд байдаг ч үүнийг салбарын хуулиудаар янз бүрээр тайлбарлан бизнесийн эрх чөлөөг хумьж, өмчид халдах зэрэг олон асуудал гарч байгааг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хэлэв. Иймд Үндсэн хуулийн үзэл санааг дэлгэрүүлэх, эдийн засгийн эрх чөлөөнд ямар тохиолдолд хязгаарлалт тогтоож болох, түүнийг хэрхэн хамгаалах зэрэг нарийвчилсан механизмыг бий болгох зорилготойгоор уг хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Хуулийн төсөлд эдийн засгийн харилцааны эрх зүйн суурийг цэгцлэх, Үндсэн хуулийн зарчмыг бодит агуулгаар баталгаажуулах хүрээнд зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хууль ёсоор олж авсан өмчийн халдашгүй, дархан байдлыг баталгаажуулж, түүнд зөвхөн нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн, шүүхийн шийдвэр, зах зээлийн бодит үнээр урьдчилан олгосон нөхөн олговортойгоор халдах нарийвчилсан журмыг тогтоох, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан татварын болон бусад хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглож, эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах зохицуулалтыг тусгажээ.
Мөн талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээний эрх чөлөөг төр хүндэтгэх, түүний биелэлтийг шударга, хараат бус шүүхээр хамгаалах баталгааг бий болгох, хуулиар хориглоогүй аливаа аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхийг баталгаажуулж, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх үүргийг төрд хүлээлгэх, эдийн засгийн суурь эрхийг зөвхөн Үндсэн хуульд заасан нийтийн эрх ашгийн үүднээс, хуулиар зайлшгүй шаардлагатай, хамгийн бага хэмжээнд хязгаарлах зарчмыг тодорхойлох зохицуулалтуудыг тусгасан байна.





