Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 20 дугаар байрны дахин төлөвлөлтийн хүрээнд оршин суугчид, төсөл хэрэгжүүлэгч “Өү энд би эн” ХХК болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төлөөлөл гурван талт уулзалт зохион байгуулж, шинээр баригдах орон сууцны төлөвлөлт, шийдлийн талаар оршин суугчдад танилцууллаа.
Айл өрхүүдийн хэмжилтийг 2026 оны 9 дүгээр сарын 15-наас 20-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд оршин суугчидтай байгуулах хоёр болон гурван талт гэрээг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс 2027 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд байгуулж дуусгахаар төлөвлөжээ.
Өү энд Би Эн ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй, амжилттай үйл ажиллагаа явуулж, орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүд болох Gem Mall, Gem Palace болон олон орон сууцны төслийг хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд төслийг 26-28 сарын хугацаанд бүрэн хэрэгжүүлж, орон сууцыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Төсөл хэрэгжүүлэгч “Өү энд би эн” ХХК-ийн урьдчилсан зураг төслийн дагуу шинэ орон сууц нь 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, бүрэн цутгамал хийцтэй, галын аюулгүй байдал болон дохиоллын иж бүрэн системтэй байхаар төлөвлөгдсөн байна. Мөн барилгын орон сууцны хэсэгт чанартай металл фасад, үйлчилгээний хэсэгт шилэн фасад, гурван давхар шиллэгээтэй, аргон хий дүүргэлт болон Low-E бүрхүүлтэй цонх ашиглахаар тусгажээ. Зоорины давхарт хоёр түвшний дулаан авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн байна.





