Эрчим хүчний сайд болон Нийслэлийн засаг даргын хамтарсан тушаалаар нийслэл Улаанбаатар хот орчмын цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг хангах техникийн шийдэл, дэд бүтцийн төслүүдийн байршлыг нарийвчлан тогтоох, ажлын тоо, хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоолох, мэдээлэл харилцан солилцох чиг үүрэг бүхий шуурхай ажлын хэсгийг нэгдүгээр сард байгуулсан.

Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн Ахлах шинжээч Б.Баттөмөр “Улаанбаатар хотод 1.7 сая гаруй иргэн, 465 мянга гаруй айл өрх амьдарч байна. Үүний 205 мянга гаруй айл өрх нь гэр хорооллын бүсэд амьдардаг. Эдгээр айл өрхийг инженерийн дэд бүтцээр хангах зорилтууд үе үеийн Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын шийдвэрлэх асуудлуудын нэг байсаар ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл явж ирсэн шийдлээр төвлөрсөн инженерийн дэд бүтцэд холбох гэхээр нэг айл өрхөөс их хэмжээний зардал гарах эрсдэл бий болдог. Иймд, 10 айл нийлж хөршийн холбоо байгуулан, дундаа цахилгаан, дулаан, бохироо бүрэн шийдэх боломжтой инженерийн дэд бүтцийн загварыг бий болгоод байна. Ингэж хамтарснаар нэг айлаас гарах өртөг багасаж, яндангийн тоо эрчимтэй буурна гэж тооцоолж буй” гэсэн юм.