Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс төвийн системд холбосон. 2025 оны 01 дүгээр сарын 15 хүртэл буюу сар гаруйн хугацаанд тусбатарей хуримтлуурын станц нь төвийн эрчим хүчний сиcтемд 7,566,000 киловатт\цаг эрчим хүчийг нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний ид ачааллын үед онцгой хувь нэмэр оруулж эхлээд байна.

Төвийн болон дорнод бүсийг эрчим хүчээр хангах гол зангилаа нь Багануур дүүрэг учраас энэхүү батарей хураагуурын станц ашиглалтад орсноортөвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой.

Нүүрсээр ажилладаг станц 24/7 асаалттай байдаг. Тухайлбал, ДЦС4 нь хэрэглээ багатай шөнийн цагт эрчим хүч үйлдвэрлэж хий алдаад, орой 19-22 цагийн оргил ачаалалтай үед ачааллаа дийлэхгүй тохиолдол гардаг. Тиймээс батарей хураагуурын станц нь шөнийн цагт үйлдвэрлэсэн дээрх илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй гэж ойлгож болно.

Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр 150-200МВт-аар нэмэгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд 3300МВт орчим цахилгаан бидэнд шаардлагатай болно гэсэн тооцоолол бий. Урьд жил манай улс 200МВт-ын цахилгааны дутагдалтайгаар өвлийг давжээ.

Жил ирэх тусам нэмэгдэж байгаа эрчим хүчний дутагдалтай байдлыг богино хугацаанд шийдвэрлэх, цаашид сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бий болгох чиглэлд Нийслэлийн удирдлагуудын зүгээс оновчтой шийдвэрийг гаргаж, богино хугацаанд хамгийн тохиромжтой шийдлийг хэрэгжүүлж чадсан юм. Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулах боломжтой байдаг. Үүнээс гадна засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийснээр батарейн станц нь 20-оос дээш жил ажиллах бүрэн боломжтой юм байна.


