Нүүр хуудасМэдээХЗДХЯ: Дотоод хэргийн их сургуулийн "Гэмт хэргийн музей" нээлтээ хийлээ

ХЗДХЯ: Дотоод хэргийн их сургуулийн “Гэмт хэргийн музей” нээлтээ хийлээ

Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойн хүрээнд Шинжлэн магадлах ухааны сургууль, Цагдаагийн сургууль хамтран Криминалистикийн сургалт-танин мэдэхүйн танхим буюу “Гэмт хэргийн музей”-г байгуулаад байна. Их сургуулийн сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг сайжруулах зорилгоор байгуулсан тус музейн нээлтийн ажиллагаа өнөөдөр (2025.01.15) боллоо.

Музейн нээлтийн ажиллагаанд Их сургуулийн ректор, доктор, профессор, бригадын генерал П.Батбаатар болон Захирлын зөвлөлийн гишүүд, Монгол цэргийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Л.Гантөмөр, ахмад багш, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Т.Бямбаа, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Цолмон, багш, албан хаагчид оролцов.

Энэхүү музейг криминалистикийн түүх, гэмт хэрэг илрүүлэх техник, тактик, арга зүйг багтаасан үзмэр, самбар, макет, диорамаас бүрдсэн гурван танхимтайгаар байгуулсан юм. Криминалистикийн сургалт-танин мэдэхүйн танхимд “Шинжлэн магадлах ухаан”, “Цагдаа судлал”, “Мөрдөх алба”, “Эрх зүй”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Гамшиг судлал” зэрэг хөтөлбөрийн практик хичээл, сургалтыг зохион байгуулах аж. Мөн хуулийн бусад их, дээд сургуулийн оюутан, тодорхой тохиолдолд нийтэд дэлгэн үзүүлэх юм байна.

Тус музейг байгуулах ажлын хэсгийн даргаар Их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, доктор, профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, нарийн бичгийн даргаар доктор, цагдаагийн дэд хурандаа З.Сүлд, зөвлөхөөр доктор, профессор Б.Бат-Эрдэнэ, доктор, профессор Т.Очирбат, Монгол цэргийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, бэлтгэл дэд хурандаа Л.Гантөмөр нар ажиллажээ.

Их сургуулийн ректор, доктор, профессор, бригадын генерал П.Батбаатар:

Энэхүү музей нь дэлхий нийтэд болон Монгол Улсад гэмт хэрэг илрүүлэх, нотлох үзэл санаа, мэдлэг хэдий үеэс бий болж шинжлэх ухаан болтлоо хөгжсөн үе шат хийгээд нийгмийн бүхий л хөгжлийн үе, түүхэн үйл явдалд нөлөө үзүүлсэн нийгмийн хүчин зүйлийг судлан, тайлбарлаж бодит баримт, түүхийн гэрч болсон биет үзмэр, гэрэл зураг, дүрс бичлэгт тулгуурлан танин мэдэхүйн ач холбогдолтой сургалтын бодит орчин бүрдүүлэх зорилт тавьж ажилласан билээ.

Ингэснээр музейн үзмэрээр дамжуулан Их сургуулийн бүхий л хөтөлбөрөөр суралцаж буй сонсогч, оюутнуудад танин мэдэхүйн мэдээлэл хүргэх, сургалтын бааз хэрэглэгдэхүүн болгохыг зорьсон бөгөөд хичээлээр олсон мэдлэгээ баяжуулах, ээдрээт хэргийн учгийг тайлсан мөрдөгч, шинжээч нарын дурсамжаар аялан орчин цагийн мөрдөгч, шинжээчийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Мөн “Гэмт хэргийн музей”-н сан хөмрөгийг баяжуулахад өөрийн үнэт, ховор эд зүйлсийг хандивлан хүлээлгэж өгсөн ахмад мөрдөгч, шинжээч болон багш, албан хаагчдадаа талархал илэрхийлье. “Гэмт хэргийн музей”-г шинээр байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, доктор, профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар болон зөвлөх эрдэмтэд, сэтгэл зүтгэл гарган хамтран ажилласан бүх хүмүүстээ их сургуулийн удирдлага, Захирлын зөвлөлийн гишүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

Гэмт хэргийн музейн сан хөмрөгт одоогоор 200 гаруй үзмэрийг ахмад мөрдөгч, шинжээч болон багш, алба хаагчдаас ирүүлээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН