Нүүр хуудасМэдээХовд аймагт нүүрсний үнэ 200-240 мянган төгрөг байна

Ховд аймагт нүүрсний үнэ 200-240 мянган төгрөг байна

 Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын бүсэд оршин суугаа айл өрхүүд түлшний мод, аргал, нүүрсээ худалдан авч байна. 

Өнөөдрийн байдлаар Ховд аймагт нүүрс тонн тутамд 200-240 мянган төгрөгийн үнэтэй байна. Нэг машин (портер) аргал 100-110 мянга, нэг уут нүүрс,  мод 8000 төгрөг, аргал 7000 төгрөгийн үнээр борлуулж байна.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад түлшний үнэ нэмэгджээ. Иргэд түлшээ ихэвчлэн бага хэмжээгээр, уутаар нь авч байгаа гэж зарим худалдаа эрхлэгчид хэллээ.

Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн 17 сумын иргэдэд нийт 35 мянган тонн нүүрс хөнгөлөлттэй үнээр олгож буй. Аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар иргэдэд 12400 тонн, аж ахуйн нэгжид 900 тонн бүхэл нүүрс олгожээ. 

Тухайлбал, аймгийн төв буюу Жаргалант сумын айл өрхүүдэд хөнгөлөлттэй нүүрс олгож эхэлснээр иргэд зах зээлийн үнээс 1 тонн тутамд 130 мянган төгрөг хэмнэж байна.

Жаргалант сум 2022-2023 онд 10164 тонн нүүрс хөнгөлөлттэй үнээр олгохоор гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар 1200 тонн нүүрс татан авч, 1200 өрхөд олголт хийжээ.

Эхний ээлжинд өндөр настан, өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нүүрс олгосон байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр нүүрс олгосноор гэр хорооллын 7000 гаруй өрх хамрагдаж, нийт дүнгээр 1 тэрбум 300 орчим сая төгрөгийн бодит хэмнэлт гарч байна гэж албаныхан онцоллоо.

Өмнөх жилийн хөнгөлөлттэй үнэ бүхий нүүрс чулуу ихтэй, нунтаг байна гэсэн иргэдийн санал гомдлын дагуу энэ жилийн нүүрсний чанарт анхаарахыг холбогдох байгууллагуудтай зөвшилцөн ажиллаж байгаа аж.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН