Монгол цэргийн өдөрт зориулсан тусгай дугаарын зочин хойморт Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэрийг урьж ярилцлаа.
Таныг дугаарын зочин хойморт урьж ярилцаж байгаадаа баяртай байна. Сониныхоо редакцад урьж, цэрэг дайчидтайгаа “уулзуулах” ёстой цэргийн дарга нарын нэг бол яахын аргагүй та. Сар шинэдээ сайхан шинэлэв үү?
-Сайхан, сайхан шинэлэв үү. Монгол цэргийн өдрийн тусгай дугаартаа урьж буй явдалд баярлалаа. Миний аав, ээж Баянхонгор аймгийн Богд сумандаа амьдран суугаа сайхан буурлууд бий. Энэ жил аав, ээжийгээ зорьж очиж, хамтдаа шинэллээ. Айлын том хүүгийн хувьд аав, ээжийгээ ачилж, гар хөлийнх нь үзүүрт ойр дотно явж амжихгүй л юм. Яах вэ, нас өндөр тэд маань “Миний хүүгийн ажил алба өндөр, хань ижил үр хүүхдүүд, ач зээ нь сайн байвал тэгээд л болоо” гэдэг ч болж л өгвөл ойр байх сан гэж бодох юм.
Тэгэлгүй яах вэ. Нээрээ Хуурай замын цэргийнхэн сар шинийн баяраар хугацаат цэргийн алба хаагчдадаа чиглэсэн олон ажил өрнүүлсэн байсан билүү?

-Цагаан сар гэдэг монголчууд бидний хувьд хамгийн хүндтэй баярын нэг. Тэр утгаараа бид хугацаат цэргийн алба хааж буй залууст энэ баярыг хэзээ ч мартагдашгүй дурсамж байлгахыг зорьдог. Манай Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиуд түрүүч, байлдагч нарынхаа дунд нутаг нутгийн битүүлэх ёс, тоглоом наадгайг зааж өгөх, сар шинийн эхний өдрийн нарын бөөндөө харах зэрэг нэгдсэн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг. Үүний дараагаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд маань тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, тэднийхээ сургаалыг сонсож, ангийнхаа үйл ажиллагааг танилцуулна. Энэ жишгээр олон ажил өрнөсөн нь тэр ээ.
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой тохиож байна. Энэхүү өдрийг угтаж танай хамт олон ямар онцлог ажлуудыг төлөвлөсөн бэ?
-Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиуд маань өөрсдийн төлөвлөснөөр энэхүү баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Аймаг, нийслэлд байрлах цэргийн хүрээ болгонд “Монгол цэргийн өдөр”-т зориулсан нэгдсэн үйл ажиллагаанууд зохиогдож байна. Жишээлбэл, тухайн орон нутгаас төрөн гарсан төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүдийн хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлэх, цэцэг өргөх, Зэвсэгт хүчнийхээ үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулаад хэвшчихсэн. Энэ үеэр хугацаат цэргийн албаны шинэчлэлийг байлдагчдын эцэг, эхчүүдэд таниулах мэдээлэл, сурталчилгааны ажлыг ч мөн зохион явуулна. Түрүүч, байлдагч нарын хангалт хэрэглэл юу байна, өмнөхөөс ямар дэвшлүүд гарсан гэдгийг нээлттэйгээр танилцуулж байна. Тухайлбал, хугацаат албаны дайчид маань долоо хоногийн амралтын хоёр хоногт өглөөний нэгдсэн бослого гэхгүйгээр 10 цаг хүртэл унтаж амардаг болсон. Мөн цэргүүдийнхээ санал, сонирхолд тулгуурлан соёл хүмүүжлийн нэгдсэн үйл ажиллагааг салаа, тасаг, салбараар нь хувааж зохион байгуулж байгаа.

Сүүлийн үеийн ажил албаныхаа сониноос хуваалцвал…
-Өнгөрсөн жилээс Хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийг хийж эхэлсэн. Өнөө жил бид Монгол цэргийн баярын дараачаас нэгдсэн команд-штабын сургууль, нэгдсэн тактикийн хээрийн сургуулийг хийхээр төлөвлөөд байна. Энэ хүрээнд орчин үеийн дайн, зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэгдэж байгаа техник, технологийг судлах, түүний эсрэг ямар тактикийг хэрэгжүүлэх талаар асуудлыг боловсруулна. Энэ сургуулийн үеэр Хуурай замын цэргийн төрөл мэргэжил тус бүрээр эрдэм шинжилгээний бага хурал, штабын дадлагуудыг ч мөн явуулна. Дээрээс нь, нэгтгэл, анги бүрээс шалгарсан хугацаат албаны дайчдынхаа дунд цэргийн мэргэжлийн нээлттэй тэмцээн, уралдааныг зохион байгуулна.
Тэгвэл хаврын ид хавсаргын үеэр дээрх сургуулиуд болж өнгөрөх нь. Байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд бэлтгэл сургууль хийх нь цэргийн алба хаагчдын бас нэг онцлог сорилт гэж хардаг…
-Ер нь цэргийн сургалт, бэлтгэл хөнгөнөөсөө хүнд рүү өгсдөг журамтай. Сургуулийн жил эхэлснээс хойш танхимын, хүн нэг бүрийн, тоот тасгийн, салааны жигдрэлтүүдийг хангадаг. Дээрх сургалтууд сургуулийн жилийн нэгдүгээр үеийн төгсгөлд буюу хаврын салхи, шуургатай үед болж таардаг. Цэргийн хүн аль болох л хүндрүүлсэн нөхцөлд дадлагажиж байж удирдлага, даргаас өгсөн үүргийг амжилттай гүйцэтгэж чадна шүү дээ. Гэхдээ хүндрүүлсэн нөхцөл гээд цэргүүдээ зутраахаар зүйлийг сэдэж болохгүй. Харин ч алба хаагчдаа аятай, тухтай нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэхийг эрмэлздэг. Жишээ нь өнгөрсөн оны 5 дугаар сард өмнөд хөрш БНХАУ-ын Ардын чөлөөлөх армитай хийсэн “Талын түнш-2024” хээрийн сургуулийг Дорноговь аймгийн Зүүнбаян тосгоны нутагт явуулсан. Улирал, цаг үеэсээ шалтгаалаад салхи, шуурга ихтэй бүс нутаг учир бид цэргүүдээ майханд бус монгол гэр, зөөврийн сууцад байрлуулсан.
Монгол Улсын Зэвсэгт хүчин анх удаа өмнөд хөрштэйгөө байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль хийсэн. Үүнийг улс төрийн шинжээчид маш зөв бодлого, үйл ажиллагаа хэмээн тодорхойлсон байсан. “Талын түнш”-ийн онцлог нь юу байв. Ингэхэд та “Талын түнш”, “Сэлэнгэ” гээд мөнхийн хоёр хөрш орны Зэвсэгт хүчинтэй хамтарсан хээрийн сургуулиудын удирдагчаар оролцсон. Нэг жилд хээрийн хоёр сургууль удирдсан цэргийн дарга нар ховор байх…
-Миний бие “Талын түнш-2024”, “Сэлэнгэ-2024” хээрийн сургуулиудын Монгол талын удирдагчаар ажилласан. Хоёулаа онцлог, ач холбогдол өндөртэй сургууль. Ялангуяа бид өмнөд хөршөө шууд бусаар дайснаа гэж эрт цагаас тодорхойлж ирсэн ард түмэн. Харин тэр хөрштэйгөө мөр зэрэгцээд нэг сэдэв, зорилготой байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль хийх нь цэргийн хүний хувьд онцгой мэдрэмж төрүүлж байсныг нуухгүй. Сургуулийн турш бид туйлын найрсаг, бие биеийнхээ санал шийдлийг дэмжиж ажилласан. Мэдээж зэвсэглэл, техникийн хувьд дутагдалтай тал их байсан ч бие бүрэлдэхүүний ур чадвар, сэтгэл зүйн хангалтын хувьд манай цэргүүд дутахааргүй байсан. Өндөр ачаалалтайгаар өмнөө тавигдсан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн “Сэлэнгэ-2024”, “Талын түнш-2024” сургуульд оролцсон алба хаагчдадаа сургуулийн удирдагчийн хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та ер нь аль нутгийн хүн бэ? Анх яагаад цэргийн хүн болох шийдвэр гаргах болсон түүхээсээ хуваалцвал…
-Би Баянхонгор аймгийн Богд суманд төрж өссөн, долоон хүүхэдтэй айлын ууган хүү. Манай аав математикийн багш, харин ээж маань эрүүл мэндийн байгууллагад насаараа сувилагчаар ажилласан хүн. Намайг багад миний нагац ах Б.Ванданхүү гэж дэд хурандаа цолтой офицер хүн байлаа. Ах маань ээлжийн амралтаа тааруулаад нутаг орноороо байнга очдог, цэргийн албаны сайн сайхныг ойр орчиндоо байнга ярьдаг байсан нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн гэхэд болно.
Бүр багаасаа л цэргийн мэргэжил сайхан юм байна гээд бодчихсон, өөрийгөө цэргийн алба хаагч болсноор төсөөлөн, мөрөөдөж өссөн гэх үү дээ. Тэр үед цэргийн сургуульд манай нэг үеэл ах элссэн нь мөрөөдлийг маань улам хурцалж өгсөн гэж боддог. Дунд сургуулиа ч төгслөө, цэргийн сургуульдаа ч элслээ. Ингэж л би Зэвсэгт хүчин гэх энэ том айлтай холбогдсон хүн дээ. 1996 онд цэргийн сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хэдэн сайхан найзтайгаа хамт томилогдож, ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа. Тэдний дунд одоогийн ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын орлогч даргаар ажиллаж байсан бригадын генерал Т.Галбадрах, БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн дарга бригадын генерал Т.Лодойдамба, Тусгай хүчний цэргийн командлалын Материал хангалтын хэлтсийн дарга хурандаа Д.Батзориг гээд цөөнгүй онжавууд маань байлаа.
Биднийг сонсогч байх үед Зэвсэгт хүчнийг “Цомхон, чадварлаг байна” гэсэн зорилт дэвшигдэж, нөгөө талаар нийгмийн хүнд цаг үе таарсан л даа. Нийгмийн шаардлагаар олон сайхан залуус албанаасаа чөлөөлөгдөж, Зэвсэгт хүчин хүний нөөцийн дутагдалтай нүүр тулсан. Тэгэхэд тухайн үеийн цэргийн сургуулийн сонсогчдыг шаталсан сургалтаар 2, 3 дугаар дамжаанаас нь шууд офицер болгож Зэвсэгт хүчний анги, салбаруудад томилж байсан юм. Би гэхэд л 3 дугаар дамжаанаасаа шууд л ажлын байран дээр гарч байлаа. Одоо бодоход Зэвсэгт хүчний нэгтгэл, ангид шинээр томилогдсон бидний үеийн залуу офицеруудыг үнэхээр чадварлаг, үлгэр жишээч цэргийн дарга нар хүлээн авч, олон ч зүйлийг зааж сургаж байж. Одоо ч үүнд би талархаж явдаг. Тэр сайхан дарга нарынхаа ажлын арга барилаас суралцаж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө хичээж ажилласны хүчинд олон талаар боловсорч чадсан юм байна гэж бид дүгнэдэг.
Таны онжавуудын талаарх олон сайхан дурсамжийг сонсож байсан …
-Бидний хэдэн салааны захирагч нар хоорондоо ажил албаараа өрсөлдөж цагаахан тэмцэл өрнүүлдэг байлаа. Цэргүүдээ хурдан хугацаанд илүү чадварлаг болгож хөгжүүлэх гэж л тэр шүү дээ. Миний хувьд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид долоон жил алба хашсан. Түүний дараагаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангид тагнуулын даргаар хоёр жил ажиллаад Батлан хамгаалахын удирдлагын академид суралцсан. Академиа төгсөхтэй зэрэгцээд ЗХЖШ-т ажиллах санал ирснийг тухайн үедээ би хүлээж аваагүй юм. Учир нь манай хүүхдүүдийн нас бага, мөн хотод төвхнөөд амьдрах газар хараахан олдоогүй тул орон нутагт байрлах Зэвсэгт хүчний ангид томилж өгөөч ээ гэж хүсэлт тавьж байлаа. Тэгэхэд ЗХЖШ-ын хүний нөөцөөс намайг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн штабын даргаар томилсон. Их говийн гарнизондоо дөрвөн жил алба хааж, үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн штабын даргаар томилогдож зургаан жил ажилласан. 2016 онд ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газар ахлах мэргэжилтнээр, дараа нь хэлтсийн даргаар томилогдож ажиллаад 2023 оноос Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын даргаар томилогдсон. Ангийн штабын дарга албан тушаалд 10 шахам жил ажилласан нь штабын төлөвлөлтийн арга барилд чамгүй сургаж дээ гэж боддог. Тэр ч утгаараа шат шатны албан тушаалд томилогдон ажиллахад их дөхөм байсан. ЗХЖШ-т ажиллаж байх үед Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн баримт бичгийг шинэчлэх ажил явагдаж түүнд гар бие оролцож явлаа.
Аливаа зүйлд өөрийн гэсэн үе гэж бий. Залуу офицер болгоны мөрөөдөл хурандаа, эсвэл бүр генерал цолонд хүрэх байдаг. Одоо яг л танай оныхон Зэвсэгт хүчнийхээ удирдлагын бүтцэд үүрэг гүйцэтгэж байна.
-Цэргийн сургуулийн манай оны залуучуудаас зургаан генерал төрсөн байна. Тэднээс дөрөв нь ерөнхий цэргийн мэргэжилтэй. Биднийг залуу байхад туршлагатай, чадварлаг дарга нар олон байсан. Тухайн үедээ залуу ч явж, төдийлөн анзаардаггүй байж. Алсуураа харахад цэргийн алба үе үеэрээ явдаг нь үнэхээр үнэн. Цэргийн сургуулийн нэг оныхон байлаа гэхэд дээд, доод гурван үеэ мэддэг. Тэр хүрээндээ бие биетэйгээ илүү дотно байж, харилцан туршлага солилцдог, ах нараасаа суралцаж, дүү нараа сургадаг уламжлалтай юм шүү дээ.
Аливаа ажлыг өөрийн биеэр хийж харуулах шиг сайн сургалт гэж байхгүй. Үүнийг ингэж хийдэг юм гээд харуулбал залуучуудад ажил хийх сэдлийг нь давхар өгч байдаг. Эсрэгээрээ зүгээр л хэрэгтэй хэрэггүй юм ярьж, тодорхой бус үүрэг чиглэл өгөх нь үр дүнд хүрэх арга хэлбэр биш. Харин сайн зөвлөгч, зааварлагч байх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд хугацаатай үүрэг, даалгавар өгдөг нь сургалтын нэг хэлбэр. Ялангуяа сүүлийн үеийн залуусын харилцаа, хандлага нийгмээ дагаад багагүй өөрчлөгдөж байгаа энэ үед удаан хугацаагаар ярих, үүрэгдэх тохиромжгүй. Аль болох л товч бөгөөд тодорхой, зөв аргаар хэлж, зааж өгөх нь хүнд илүү хүрнэ.
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуус, тэр дундаа улс орныхоо батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа дарга, цэрэг нарын ойлголцол их өндөр байх ёстой. Удирдлагаас өгсөн үүргийг шат шатны албан тушаалтнууд буруу зөрүү ойлгох, өөрийн үзэл бодлыг шингээх тал бий. Тэгээд тэр нь доошоо гүйцэтгэх шатанд очихоороо ойлгомжгүй байдал үүсгэдэг.
Олны дунд биеэ авч яваа байдлаараа цэргийнхэн эрхгүй ялгагддаг. Олон нийт ч цэргийн алба хаагчдаас хүний хамгийн сайн хувилбар буюу ёс зүйтэй, зарчимтай зан чанарыг хайгаад байдаг шиг санагддаг. Энэ салбартаа амьдралынхаа бүх цаг үеийг зориулж яваа таны хувьд алба хаагчдадаа юу гэж хэлж, захих дуртай бол?
-Цэргийн хүний амьдрал сонсогч ахуй цагтаа цэргийн эрдэмд суралцахаас эхэлдэг. Сурсан мэргэжил боловсролоос нь цаашид цэргийн ямар дарга болох вэ гэдэг нь харагддаг. Залуу офицер, ахлагч нар маань аль болох л өөрсдийгөө завгүй байлгаж, үргэлж сурч хөгжиж байхад тэмүүлэх нь чухал юм. Зав чөлөөгөө харж байгаад өөрөө сэтгэж, бие дааж ажиллавал ажил аяндаа жигдэрчихдэг. Үүнээс гадна цэргийн хүний ар гэр гэдэг их чухал. Ардаа санаа зовох зүйл бага, түвшин сайхан байвал эргээд албандаа хандах хандлага илүү тууштай, зүтгэлтэй байж чадна. Намайг залуу офицер байхад Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад албан тушаалын байр харьцангуй их байсан. Өнөөдөр цаг хугацааны эрхээр тэдгээр байр, сууцууд хуучирч, ашиглалтаас гарах асуудал ихэссэн. Энэ асуудлыг бид нэн даруй шийдэх ёстой. Таны хэлсэнчлэн цэргийн хүн олон нийт, нийгэмд харагдах байдлаасаа дүрэмт хувцсаа зөв өмсдөг, товч тодорхой өгүүлэмжтэй харьцдаг байх ёстой. Хугацаат цэргийн алба хаагаад буцаж байгаа залуус ч мөн адил өмнөхөөсөө тэс өөр санаа бодолтой болж хөгждөг нь маргаангүй үнэн. Нөгөө талаар цэргийн албыг биеэр хаагаагүй залуус өчнөөнөөрөө үлддэг тал бас байна. Уг нь хугацаат цэргийн алба хаах төрлийг нэмэгдүүлээд, иргэдэд сонголттой байдлаар боломж олгоод, цэргийн насны залуусыг заавал биеэр цэргийн алба хаалгадаг тогтолцоонд орж чадвал Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа болох, цаашлаад нийгмийн шударга ёсны тогтолцоонд нэмэр болох, бие зөвөөр авч яваа залуусын тоо нэмэгдэж чадна.
Тэгвэл ерөнхий цэргийн офицер хүн ямар байх ёстой юм бол?
-Ерөнхий цэргийн хүн бусад төрөл, тусгай мэргэжлийн цэргийн үндсийг нь мэддэг байх шаардлагатайгаас гадна цэргийн бүх мэргэжлийг өөртөө агуулдгаараа онцлог. Тэр утгаараа энэ мэргэжлийн офицеруудыг бусад төрөл мэргэжлийнхнээс илүү байхыг шаарддаг. Бие бялдар, сэтгэл зүй, ухамсар, ёс зүй, цэргийн хэргийн мэдлэгээрээ илүү байхыг шаарддаг. Дараа дараагийн сургалт, дамжаанд хамрагдаад ирэхээрээ бүр илүү хөгждөг. Ерөнхий цэргийнхний олон талын мэдлэгийг бусад офицерууд маань хараад дагаж хөгждөг гэж боддог.
Хожим бодоход цэргийн мэргэжлийг эзэмшсэн тань хэр зөв сонголт байж вэ?
-Би өөрийгөө өөр мэргэжлээр хэзээ ч төсөөлж үзээгүй. Манай хүү миний мэргэжлийг эзэмшсэн, одоо тусгай хүчний цэргийн ангид алба хаадаг. Манай гэр бүлийн хүн мөн л цэргийн хүн. Зэвсэгт хүчиндээ 20 жил алба хаагаад тэтгэвэртээ гарсан. Миний хувь заяа бас гэр бүлийнхэн минь анхнаасаа л цэргийн хэмээх тодотголоор овоглогдох тавилантай байсан байх.
Ханьтайгаа анх хэрхэн танилцаж байв?
-Миний ханийг Б.Уянга гэдэг, бэлтгэл ахлах ахлагч. Бид хоёрын танилцсан түүх бас л цэргийн албатай салшгүй холбоотой. Намайг Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажилладаг байхад ханийн маань дүү хугацаат цэргийн алба хааж таарсан. Дүүгээ эргэх гээд их ирнэ, тэгэхэд нь залуухан дэслэгч би бээр цэргийн албаны талаар яриа өрнүүлж гүйсээр байгаад аваад суучихсан. Ханьтайгаа гэр бүл болоод 30 шахам жил болж байна. Өөрөө цэргийн хүн болоод ч тэр үү хамгийн сайн ойлгодог, дэмждэг, урамшуулдаг бат цайз минь юм даа. Ажил албандаа санаа зовох зүйл гарвал дагаад л сэтгэлээ зовооно, баярлахад минь надаас ч илүү баярлана. Сайхан ханийн буянд цэргийн албыг нэр төртэй хашиж яваа гэж өөрийгөө боддог.
Өнөө цагт аль ч насны хүмүүсийн хоорондын харилцаа, ёс зүй алдагдаад байгаа юм шиг санагддаг. Харин цэргийн алба хаагчдын хоорондын харилцаа эсрэгээрээ шүү дээ. Жишээ нь, бид өдөр тутмын харилцаандаа бие биеэ албан тушаал, насны зөрүүнээс үл хамааран “Та” гэж хүндэлдэг. Энэ байдлаараа нийгэмд үлгэрлэл үзүүлж чадна гэж боддог.
-Тэгэлгүй яах вэ. Цэргийн алба хаагчид бие биеэ хүндэтгэсэн, хүлээсэн байдлаар харилцдагаараа бусад салбараас ялгагддаг. Хүний харилцаа, хандлага гэдэг их өргөн утга агуулгатай. Хүнтэй хүндэтгэлтэй, хүндэлж харьцана гэдэг бусдын нүдэнд харагдах талаасаа ч том үлгэрлэл байдаг. Хугацаат цэргийн алба хаагчид маань харилцааны соёлтой болоод буцдаг. Тэрийгээ харин нийгэмд түгээх талаар дутмаг байдаг байж магадгүй юм.
Та ажилдаа ямар зарчмыг баримталдаг вэ?
-Хариуцсан ажилдаа эзэн байхыг л хичээдэг. Тэр тусмаа цэргийн хүн тийм л байх хэрэгтэй. Өөрт нь оногдсон ажлыг хэний ч туслалцаагүйгээр хийж байвал хамт олны ажил аяндаа бүтнэ. Хамт олны дунд биеэ авч явах соёл, бусдад адил тэгш хандах зарчим, урам зориг өгч итгэл хүлээлгэх гээд цэргийн хүнд байх ёстой олон чанар бий. Тэр бүрийг аль болох тэгш тэнцүү авч явах сан гэж хичээж иржээ.
Ярилцлагынхаа төгсгөлд та чухам юуг онцлох вэ?
-Эх орноо хамгаална гэдэг аль ч улсын цэргийн алба хаагчдын хувьд маш хүндтэй үүрэг. Тэр ч утгаараа цэргийн алба хаагчид нийгэмд манлайлагч байх ёстой. Нэгэнт манлайллыг бий болсон цагт хүндлэл гэдэг зүйл дагалддаг.
Энэ завшааныг ашиглаад Монгол Улсын Зэвсэгт хүчинд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо алба хааж буй генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар болоод бидэнтэй мөр зэрэгцэн алба хааж буй энгийн ажилтан албан хаагчид, тэдний гэр бүлийнхэнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Ахлах дэслэгч Т.ИДЭР