17.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 16:30:48
Нүүр хуудасНийтлэлХэлмэгдэгсдийн өдөрт: “Үнэнд үнэнч чигээрээ үрэгдлээ гэдгийг минь нотлоорой”

Хэлмэгдэгсдийн өдөрт: “Үнэнд үнэнч чигээрээ үрэгдлээ гэдгийг минь нотлоорой”

Аливаа улс орны түүх соёлыг илтгэж байдаг зүйл бол музей. Дэлхийн улс орнуудад зорчсон хэн ч тухайн улс орны музейгээр орно. Хар цагаангүй, үнэнийг өгүүлдэг зүйл бол энэ. Манай улсын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн их хэлмэгдүүлэлт өдгөө ч хэн бүхний зүрхэнд айдас дагуулсаар байдаг. Өнөөдөр “Хэлмэгдэгсдийн өдөр”.

Тус музейн үүдээр ороход хамгийн түрүүнд

“Элэг эмтэлж заяа хиртээж

Эрсэдсэн амь тань сэтгэлд сүнслэнэ

Эрх чөлөөний туг бөхийж

Эх орон тань та нарыг дурсана хэмээн  нэрт найрагч Д.Пүрэвдорж агсны бичиж үлдээсэн мөр нүднээ тусна. Түүх бол үнэний гэрч агаад бид ч бас нэгэн үеийн түүхийн үргэлжлэл билээ. Энгийн л нэг модон байшин эрт үеийн минь түүхийг өгүүлж сайхныг биш харууслыг төрүүлсэн хар өдрүүдийн түүхэн гэрчүүд тэнд оршино.

Энэ бол улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн музей юм. Энэхүү музейг анх П.Гэндэнгийн Цэрэндулам санаачилсан бөгөөд 1996  оны есдүгээр сарын 10-нд нээж, өөрөө анхных нь захирлаар ажиллаж байжээ. Учир нь Г.Цэрэндуламын эцэг П.Гэндэн нь 1920-1930 –аад оны үед ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд 1931-35 оны хооронд музейн энэхүү байранд амьдарч байсан түүхтэй. Тухайн үед П.Гэнэдн нь улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн 1936 онд ЗХУ-ын цөллөгт явж, 1937 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цаазлагджээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлт нь 1920-1960 оны хооронд үргэлжилсэн ба 1937 оныг хэлмэгдүүлэлтийн оргил үе гэж үздэг. Энэ онд 30-аад мянган хүнийг хоморголон хөнөөжээ. Хэлмэгдүүлэлтийн үеийг цаг хугацааны хувьд үечилсэн шаттай явагдсан гэж үздэг. Үүнд:

-1922 онд Бодоогийн хэрэг, 1924 онд Данзангийн хэрэг, 1933 онд Лүмбэнгийн хэрэг, 1940-1950 онд сэхээтний хэрэг, 1960-аад онд намын сэхээтний хэрэг гэж явагдсан байна. Энэ үед нийт 36 мянган  хүн хэлмэгдсэн бөгөөд 30-аад мянган хүнийг буудан хөнөөж, үлдсэнийг нь ялын аль нэг хэмжээгээр шийтгэжээ.

1937-1939 онд 28185 хүн цаазлуулснаас лам 17612, албан хаагч 777, МАХН-ын гишүүн 574, ажилчин 463, цэрэг 305 , МХЗЭ-ийн гишүүн 63, буриад 2966, хасаг 550,  эмэгтэй 12, 70-аас дээш насны 1129 хүнийг хөнөөсөн байдаг. Эгэл жирийн ардаас эхлээд их эрдэмтдээ хүртэл хөнөөсний учир юу вэ. 1936 онд “Монгол Улс лам нараа даруй устга, чухам яаж устгахыг бид мэдэж байна “ хэмээсэн бичгийг И.В.Сталинаас А.Амарт тавьсан баримт бий. Мөн “Хар феодалын хөрөнгийг хураахад ангийн тэмцэл гарна. Энэ тэмцлээс айх хэрэгтэй” гэж МАХН-ын төв хорооны тэргүүлэгчдийн XXIII хуралд Коминтерний төлөөлөгч В.Кучумовын өгсөн заавраас улс дотроо эвдрэлцүүлж, өөрөөр нь өөрсдийг нь хөнөөх төлөвлөгөөг хэн нэгэн агуулж байсан шиг гэсэн нь бий. Энэ мэтээс гадна музейд: Дотоодыг хамгаалах яамны тамга, Дарьгангын таван гарыг захирах тамга, Д.Бодоогийн хэрэглэж байсан бийр янтай, гарын тэмдэг, Бат гүнийн шоронгийн хаалга №13 гэсэн айдас төрүүлсэн хаалга, Х.Чойбалсангийн харандаа хуанли, зохиолч Д.Намдагийн үзэг гэх мэт олон зүйл хадгалагдан үлджээ. Р.Чойном, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Б.Намсрай, С.Данзан . Д.Бодоо гэх мэт бидний мэдэх эрдэм төгс суут хүмүүсийг хүртэл энэ үед хоморголон хэлмэгдүүлжээ. Тухайн үед хэлмэгдүүлэлтэд өртөн хороогдсон хүмүүсийн булш одоог хүртэл энд тэндээс олдсоор байгаа. СХД-ийн Тахилтын амнаас 1937-1939 оны үед лам нарыг хоморголон егүүтгэсэн газрыг олж, нийслэлийн Засаг даргын захирамжаар хамгаалалтад авчээ. Энэхүү газраас хүний араг яс, хувцас, эдлэл хэрэгсэл, бурхан тахил үй олноороо олдсон бөгөөд тэдгээрийн зарим нь хэлмэгдэгсдийн музейд хадгалагдаж байна. Мөн 2003 оны тавдугаар сард Хамбын овоонд хийсэн малталтаас 600 гаруй хүний араг яс, модон тагш, төмөр аяга, Социалист зөвлөлт холбоот улсын таних тэмдэгтэй лам нарын хувцас олдсон байна. Үүнээс гадна өөр хаана өчнөөн шарил оршиж буйг бид мэдэхгүй. Түүх үргэлж сайныг өгүүлдэггүйн нэгэн гэрч энэ буюу. Үүх түүхээ мэддэггүй хүн гэж үгүй болов уу. Иймээс эх орны ирээдүй болсон залуусдаа энэ тухай хүргэж байна. Энэ өдөр бол их хэлмэгдүүлэлт эхэлсэн өдөр тэр үед алтан амиа алдсан түүхт хүмүүсийнхээ өмнө хүндэтгэл үзүүлж, хагацал харуусал авчирсан аймшигт өдрүүд ахин битгий датагдаасай гэж хүсье. Хэлмэгдэгсдийн музей үзэхээр он цагийн тэртээх уй гашуу нүднээ харагдаж, уйтай дуу чихнээ сонсогдох мэт. Цоо буудуулсан гавлын яс он цагийн гунигийг өгүүлэн зэвийж  харагдах гээд жихүүдэс хүрэм музейгээс гарахад намрын шаргал наран таатай ээнэ. Энэхүү тэмдэглэлийнхээ төгсгөлд “Үнэнд үнэнч чигээрээ үрэгдлээ гэдгийг нотлоорой” хэмээсэн хэлмэгдэгсдийнхээ үгээр өндөрлөе.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН