Өглөө мандах нартай зэрэгцэн өрнөл дүүрэн Улаанбаатарын амьдрал эхэлдэг үү гэвэл үгүй. Үд дөхөж, наран голлохын цагт л аажуухан хөдөлж эхлэх бидний ХАЙРТАЙ ХОТ.
Наймаа налайж, хөдөлмөр хөөрөх нэг гудам “Хархорин” захын яг урдхан зурайна. Шинэ, хуучин эрээн бараан нь холилдсон бүхэн энд багтаж ядна. Ийшээ харахад л өвөө шиг минь, тийшээ харахад л эмээ шиг минь хөгшид “Панз үсэргэж” зогсоо нь зонхилж харагдав. Тэд элдэв сонин зүйлийг ч, энгийн хэрэгцээт барааг ч энд тэндээс хамж шимсээр “эндээ” бүгдийг дэлгэнэ. Аяга сүү, атга талхны боломжхомсбор хоногоо болгох гэсэн нэгэн байхад, зүгээр л хэн нэгэнд хэрэг болно доо гэсэн сэтгэлээр голж шилэлгүй ойртуулан, нийлүүлж өгдөг хэсэг ч байх юм.Хуучин цагт улс орны хөгжил, үйлдвэржилтийн гол хөдөлгүүр болж явсан нэг үеийнхэн энд нэгнээ мэдэлцэн,сайн сайхнаа хөхрөлдөж, буруу муугаа шүүмжлэн хэлэлцэж болохоосоо болохгүй хүртэл хоршин хамтарна.
“Мэддэгт мэргэн цоохор
Мэддэггүйд эрээн цоохор” гэдэг дээ..
Эндэх яг л тийм. Хэрэгтэй нэгэн нь олоод авбал алт атгасан дайтай. Хэрэгцээгүй өнгөрөгчдөд бол хэнд ч хэрэггүй хог шиг хөглөрч харагдана. Ийм сонин бараагаа тэд хаа холын Солонгос улсаас ч, хажуу дэргэдэх хөршөөсөө ч ер нь хаанаас бол хаанаас олж авдаг.
Тэдний энэ хөдөлмөр үнэгүй, өнгөгүй харагдах хэд хэдэн шалтгаан байна. Зарим нэгэн нь “Хэний, хаанахынх нь мэдэгдэхгүй хэдэн ширхэг, юуг ч юм авчирээд зарж олсон мөнгөөрөө хар усаа уучхаад, үд өнгөрч нар дугхийхэд энд тэнд хэрүүл зодоон хийх “Өвгөнтийн” хэд л асуудал болж байна” гэнэ.Харин өөр нэг нь үргэлжлүүлээд л“Хүмүүс биднийг муудаа энд суудаг гэж боддог, гэхдээ бид зүгээр л өөрсдөө ашиглахаа больсон ч өөр хүмүүст хэрэгтэй байж болох зүйлсээ лзардаг.Архины төлөө хэдэн нөхдөөс болоод манай энэ хавь муу нэртэй болоод байдаг.”гээд л ам уралдан ярина. Бүр даварсан хэд нь барааг нь хулгай хийнэ. Цагдаа нар нь ч заримдаа дийлдэггүй болохоор одоо хэдэн наймаачид нь архины нөхдөд мөнгө өгч л наймаагаа тайван хийдэг гэнэ. Ерөнхийдөө бол тэдэнд аюулгүй тайван, шударгаар худалдаа үйлчилгээ эрхлэх зай талбай хэрэгтэй байгаа юм.
Ихэнх хэсэг нь л өөрсдийн боломж бололцооныхоо хэмжээгээр хөдөлмөр эрхлэх хүсэлтэй гэдгийг,өнгөц харагдах харагдцаас хэд дахин үнэтэй “Хог биш Эрдэнэс” энд байдаг гэдгийг хүмүүс мэдээсэй. Түрхэн бодогдсон буруу ойлголтыг өөрчлөх жим эндээс харагдаасай.
Э.МИШЭЭЛТ
#МАНДЫН ОЮУТАН ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР