Нүүр хуудасМэдээХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА 2023 ОНД

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА 2023 ОНД

Онцлох үйл явдлын тойм

Бүгд Найрамдах Чех Улстай байгуулах нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Удирдлагын тохиролцооны төслийг Чехийн талтай эцэслэн тохирч, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа. Бүгд Найрамдах Чех Улстай байгуулах нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хэрэгжүүлэх маягтыг эцэслэн тохиров.

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр” 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв.

Европын Холбооны харьяа Socieux Plus байгууллагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлийн гишүүдэд чиглэсэн хөгжлийн дунд хугацааны стратеги (2023-2025) боловсруулах, чадавхи бэхжүүлэх чиглэлээр Болгар, Франц зэрэг улсаас 2 зөвлөх ХБХХЕГазарт 2023 оны 02 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд, Ганц бие ахмад настны тэтгэврийн зарцуулалт, хүртээмжийн судалгааны асуудлаар 2 зөвлөх 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд тус тус ирж ажилласан.

НҮБ-ын Нийгмийн хөгжлийн хорооны 60-р чуулган чуулган, НҮБ-ын Хүн ам ба хөгжлийн хорооны 56 дугаар чуулганд ерөнхий санал шүүмж болон сайд нарын форумд амжилттай оролцов. Түүнчлэн:

АНУ-ны Нью Йорк хотноо 2023 оны 03 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Аж байдлын Хорооны 67 дугаар чуулганд ХНХ-ын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй төлөөлөгчид оролцож, уг чуулганы хянан хэлэлцэх сэдэв болох “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангах, чадавхжуулах чиглэлээр гаргасан ололт амжилт, тулгарсан бэрхшээл сэдвээр үндэсний сайн дурын илтгэл танилцуулж, Засгийн газрын байр суурийг илэрхийлэв. Түүнчлэн Сайд нарын дугуй ширээний уулзалтыг даргалж, анх удаагаа Монгол Улс уг комиссын дэд даргаар ажилласан. Уг үеэрээ Нью Йорк хотноо ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзалт хийж санал солилцсон.

2023 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохиогдсон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах хорооны 16 дугаар хуралдааны Ерөнхий санал шүүмжид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа цахимаар оролцсон. Ийнхүү оролцохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн.

Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 111 дүгээр Чуулган Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2023 оны 06 дугаар сарын 05-наас 15-ны өдрүүдэд болсон. Чуулганы төлөөлөгчдийг ахалж ХНХ-ын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй гурван талын нийт 14 төлөөлөгчид биечлэн оролцов. Төлөөлөгчдийн тэргүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар 06 дугаар сарын 06-ны өдөр Нэгдсэн хуралдаанд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Захирлын тавих үндсэн илтгэл болон “Үйлдвэрлэлийн бодлого, технологид суурилсан байгаль орчинд ээлтэй шударга нийгэм ба эдийн засгийн өсөлтөд чиглэсэн шилжилт”, “Дадлагажих явц”, “Хөдөлмөр эрхлэлтийг хамгаалах нь” зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд үг хэлж, Засгийн газрын байр суурийг илэрхийллээ. Чуулганы арга хэмжээнд 187 гишүүн орны Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 4000 гаруй төлөөлөгчид биечилсэн хэлбэрээр оролцсон.

Мөн чуулганы үеэр төлөөлөгчдийн тэргүүн ОУХБ-ын Ерөнхий захирал ноён Желбэр Унгбо болон Ерөнхий захирлын орлогч хатагтай Миа Сеппо тэргүүтэй төлөөлөгчидтэй албаны уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн талаарх 2 болон 3 дугаар тайланг 2023 оны 8 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Женев хотноо хэлэлцүүлэн хамгаалав. Үүний мөрөөр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлийн хорооноос өгсөн зөвлөмжийг холбогдох талуудад танилцуулах, хэрэгжилтийг хамтран хангах асуудлаарх арга хэмжээг зохион байгуулсан.

Монгол Улс нэгдэж орсон олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмжүүдийн 2023 онд хүргүүлэх дараах 3 конвенцийн тайланг хүргүүлсэн.

Үүнд:

1. Тэгш шан хөлс олгох тухай 100 дугаар конвенцийн тайлан

2. Ялгаварлан гадуурхахгүй /ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт дэх/ байх тухай 111 дүгээр конвенцийн тайлан

3. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай 122 дугаар конвенцийн тайлан

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар ээлжит хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Тус комиссын монголын талын дарга ХНХ-ын сайд Х.Булгантуяа чехийн төлөөлөгчдийн тэргүүн, БНЧУ-ын Шадар сайд бөгөөд ХНХ-ын сайд Мариан Юречка болон албаны хүмүүсийг хүлээн авч хоёр талт уулзалт хийж хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх шинжээчдийн түвшний 13, 14 дэх хэлэлцээг амжилттай зохион байгуулж, хэлэлцээрийг хамгийн ойр хийх өндөр түвшний айлчлалын үеэр байгуулахаар талууд тохиролцов.

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх шинжээчдийн түвшний 4 дэх хэлэлцээг 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Монгол Улсад зохистой хөдөлмөрийн хөтөлбөр (2023-2027)-ийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ, МХАҮТ тус тус гарын үсэг зурав. Энэхүү санамж бичгийн хүрээнд ОУХБ нийгмийн түншлэгч талуудтай холбогдох дүрэм, журам, зааврын дагуу, санхүүгийн боломж, тухайн үеийн нөхцөл байдалд нийцүүлэн Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, хүний нөөц, бусад нөөц бололцоогоо дайчлан, хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.

Азийн Хөгжлийн Банкнаас 2024 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлэх “Монгол Улсад ахмад настны тусламж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх: Ахмад настанд ээлтэй технологийн хүртээмжийг сайжруулах” Санамж бичиг байгуулав.

Европын Холбооны дэмжлэгтэйгээр тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар туршлага судлах, богино хугацаагаар мэргэжилтэн урих, сургалт семинар зохион байгуулах багц арга хэмжээг хэрэгжүүлэх 5 мэргэжилтэн бүхий зөвлөх баг 2023 оны 05 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд ажиллалаа.

Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман болон Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Зүүн өмнөд Ази хариуцсан захирал Тан По Тек болон албаны хүмүүсийн Монгол Улсад ажлын айлчлал хийв.

2023 оны 06 дугаар сарын 13-22 болон 7 дугаар сарын 26-аас 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Жендэрийн тэгш байдал, гэр бүлийн яам, Солонгосын залуучуудын ажлын агентлаг (Korea Youth Work Agency) хамтран Залуучуудын солилцооны хөтөлбөрийг зохион байгуулсан.

Уг хөтөлбөрт Монгол, Солонгос 16-18 насны 20 залуусын төлөөлөл орсон. 2021, 2022 оны тус хөтөлбөрт хамрагдаж байсан шилдэг 2 оролцогчийг сонгон шалгаруулж 2023 оны 6 дугаар сарын 13-23-ны өдрүүдэд БНСУ-д болсон солилцооны хөтөлбөрт хамруулсан болно.

Сайд Х.Булгантуяа Улаанбаатар дахь Олон улсын байгууллага, элчин сайдын яамдын тэргүүнүүд, албаны хүмүүст Гэр бүлийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар танилцуулга хийх ажлыг ХЗДХЯ-тай хамтран зохион байгуулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2023 оны 11 дүгээр сарын 15-наас 22-ны өдрүүдэд тус улсын хөдөлмөр эрхлэлт, ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр баримталж буй бодлого, ядуурлыг бууруулах талаарх хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдтэй танилцан нийгмийн халамжийн бодлого, үйл ажиллагаанд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар туршлага судалж, холбогдох яам, байгууллагуудтай албаны уулзалтуудыг хийж, үйл ажиллагаатай нь тус тус танилцлаа. Мөн энэ үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хүний нөөц, нийгмийн хамгааллын сайд хатагтай Ван Шяопин, Энхтайвны хөгжлийн сан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ху бэй мужийн Бүх Хятадын Шинжлэх ухааны их сургууль, Хубэй мужийн Хүний нөөц, нийгмийн хамгааллын газрын үйл ажиллагаатай тус тус танилцаж санал солилцсон.

НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хил хязгааргүй үе” санаачилгын олон улсын багийн дэд захирал Урмила Саркар Монгол Улсад 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд ажиллалаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хатагтай Урмила Саркарыг хүлээн авч уулзсан. Санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд залуучуудад тулгараад байгаа 2 асуудлыг тодорхойлж, төсөл хэрэгжүүлэх зорилгоор Когнос үнэлгээний компани, НҮБ-ын Хүүхдийн сан, ОУХБ-тай хамтран судалгаа хийсэн. Төсөл хэрэгжүүлэх шаардлагатай тэргүүлэх чиглэлийг яамны зүгээс тодорхойлж хамтран ажилласан.

2023 оны 12 дугаар сарын 7-ний өдөр болсон ОУЭЗХБ-ын Хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Нийгмийн хамгаалал болон хөгжлийн талаарх бодлогын хэлэлцүүлэг” 4 дэх удаагийн уулзалтын хүрээнд болж байгаа “Албан бус хөдөлмөрийн зах зээл дэх насжилт: Нийгмийн хамгаалалаар бэрхшээлийг шийдвэрлэх үү” сэдэвт салбар хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцож, нийгмийн халамжийн тэтгэврийн асуудлаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгч хэлэлцүүлэгт оролцов.

🟢Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан айлчлалын бүрэлдэхүүнд багтан, 2023 оны 9 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд ХНХ-ын сайд Х.Булгантуяа БНСУ-д ажиллалаа. Ийнхүү ажиллах үеэр тус улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү болон Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны төлөөлөлтэй уулзалт хийж хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН