Нүүр хуудасМэдээХӨСҮТ-өөс 3 хүн гарч, шинээр 4 тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-өөс 3 хүн гарч, шинээр 4 тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдвар авсан гурван хүн гарч, хяналтын шатанд шилжиж байна. Харин давтан шинжилгээгээр дөрвөн хүнээс коронавирус илэрлээ.

Д.Нямхүү ХӨСҮТ-ийн захирал: Өнөөдөр ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэрч, дараагийн шатруу шилжлээ. Насны хувьд 19, 21, 52 настай. Ор хоногийн хувьд 30, 34, 45  хоног эмчлэгдсэн хүмүүс эдгэрч байна. Нийт лабораториудад 87 хүний шинжилгээ хийсэн.  ХӨСҮТ-д 45 хүнд давтан шинжилгээ хийхэд 4 хүнээс илэрсэн. Нийт 140 тохиолдол болж байна. Өнөөдөр шинээр бүртгэгдсэн дөрвөн тохиолдлын хувьд Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан нэг, Орхон аймагт тусгаарлагдаж байсан хоёр, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн сургуулийн оюутан байна.

ОХУ-аас ирсэн оюутнуудыг Дархан, Сэлэнгэ, Орхон, Төв аймгуудад тусгаарласан

А.Амбасэлмаа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга:  Монгол Улсад коронавирусийн батлагдсан 140 тохиолдол зөөвөрлөгдсөнийг бид эмчилж байна. ОХУ-аас ирсэн оюутнуудаас 57 нь коронавирусийн халдвар авсан. Мөн ОХУ-аас Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 400 гаруй зорчигч дунд оюутнууд ч багтсан. Хойд хилээр ирсэн оюутан зорчигчдоос 119 нь Орхон аймагт,  Дархан-Уулд 136, Сэлэнгэ аймагт 20 гаруй гээд нийт 400 гаруй хүний тусгаарласан. Мөн Төв аймагт 134 хүн тусгаарлагдсан. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээг Дархан-Уул аймаг дахь ХӨСҮТ-ийн салбар лабораторит авч, дахин ХӨСҮТ-д баталгаажуулдаг. Дархан-Уул аймгаас ирүүлсэн давтан шинжилгээгээр Орхон аймгаас батлагдсан хоёр тохиолдол бол  ОХУ-д сурч байсан оюутан. Мөн Дархан-Уул аймагт  нэг батлагдсан тохиолдол илэрсэн нь бас оюутан. Төв аймагт тусгаарлагдаж буй иргэдийн 80 гаруй хувь нь оюутан байна. ОХУ-аас ирсэн 400 гаруй зорчигчдоос нийт 40 хүнд коронавирус илэрсэн.Тэдний дийлэнх нь оюутан. Өнөөдөр бид тасагт буй эмч ажилчдадаа давхар хяналт тавьж байна. Коронавирусийн халдвар батлагдахын хэрээр эрсдэл нэмэгдэж байна. Халдварыг алдахгүйн тулд анхаарч ажиллаж байна. Цаашид ХӨСҮТ-ийн 250 орноос гадна нийт 1000 гаруй орон дээр бид өвчтөнүүдээ авахаар төлөвлөж урьдчилсан тооцоо судалгаагаа хийж байна. ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа эмчилж байна. Энд нэг зүйлийг хэлэхэд ОХУ-д сурч байсан оюутнуудыг татан авч, тээвэрлэх явцад коронавирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй. Харин халдварын шинж тэмдэг маш тодорхой илэрсэн долоон оюутныг ОХУ-д үлдээсэн. Эх орондоо ирсэн оюутнууд тухайн үед коронавирусийн халдвар илрээгүй байсан гэсэн үг. Халдварын нууц үеийн хугацаанд шинж тэмдэг илрээгүй байсныг шинжилгээгээр илрүүлсэн. Эрсдэл гарсан үед ХӨСҮТ-өөс гадна бусад эмнэлгүүд коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдээ эдгээж чадна.

Швед улсад байгаа Монгол иргэний биеийн байдал хүнд, уушги нь 80% устсан гэж мэдээлэл авсан

Д.Нарангэрэл ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга: Гадаадад халдвар авсан Монгол Улсын 30 иргэн байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд байна. Швед улс дахь иргэн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Уушгины 80 гаруй хувь нь ажиллагаагүй болсон гэх мэдээлэл байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг тусгаарлахад зарим тохиолдолд гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрч байна. ОХУ-д сурч байсан оюутнуудтай эцэг эх нь холбогдсон. Тэдний биеийн байдал сайн байгаа. Мөн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1747  иргэн ажиглалтад байна. Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 166 дуудлага ирсэн байна. Гадаад дахь иргэдэд коронавирусийн халдварын талаарх мэдээлэл зөвлөгөө өгөх  119 аппликэйшнд БНСУ, Белги, ОХУ-аас     нийт  гурван  иргэн холбогдсон. Иргэдийн зүгээс олон нийтийн газарт амны хаалтгүй явж байна гэх гомдол мэдээлэл ирүүлсэн” гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН