-2 C
Ulaanbaatar
Пүр, 25 2 сар 2021 19:13:59
Нүүр хуудас Мэдээ Х.Баттулга: Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой,...

Х.Баттулга: Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой, зөвхөн би биш бүгдээрээ ярилцъя

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр СТӨ-нд Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь түүний аймаг, дүүргийн иргэдтэй хийх хоёр дахь уулзалт байв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэсэн амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж байна. Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой. Зөвхөн би биш өөр хоорондоо ярилцъя” гээд уулзалтыг эхлүүллээ.

Төрийн тэргүүн уулзалтыг үргэлжлүүлж хэлсэн үгэндээ:

“Улаанбаатар хотын хүн ам 1990-2017 онд 854 мянгаар буюу 146 хувиар огцом өслөө. Үүний 623 мянган хүн буюу 73 хувь нь орон нутгаас ирсэн байна. Харин 2008-2016 онд агаарын бохирдолд 147 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, гадаадын зээл, тусламжаар 60 сая ам.доллар зарцуулжээ. Нийтдээ 170 мянган ширхэг зуух тараасан байна.

Мөн өнөөдөр хотод 1.3 сая хүн амьдарч байна. Энэ их ачааллыг дахин төлөвлөхөд хэтэрхий эрсдэлтэй. Тиймээс Улаанбаатар хотыг түшиглээд дагуул хот байгуулах тухай асуудлыг би хөндөн ярьж байгаа. Дагуул хотууд байх газарт зарим яамд, их, дээд сургууль, Элчин сайдын яамдыг гаргая гэж байгаа юм. Дагуул хот байх газарт орон сууцны үнэ нэг сая хүрэхгүй төгрөгөөр зарагдах боломжтой. Учир нь, хямд өртгөөр орон сууц барих боломжтой үйлдвэр хэдийнэ ашиглалтад орсон байна. Энэ төслийг өмнө нь бэлдчихсэн, одоо аваад ашиглахад бэлэн байгаа.

Харин ядуурал гэдэг маань ажилгүйдэл. Ажилгүйдэл гэдэг нь ердөө л бизнесийн хумигдмал байдал. Энэ хумигдмал байдлыг задлах ёстой. Дэд бүтэц, бусад олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм бол бизнес өргөжин тэлж, иргэд ажилтай болно. Өнөөдөр бид 1949 онд барьсан төмөр замтайгаа л байгаа. 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсан ч хэрэгжүүлээгүй. Автозамын бодлого мөн адил батлагдсан ч хэрэгжээгүй. Үүн дээр Говийг усжуулах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлбэл, ажилгүй олон залуус ажилтай болж, ядуурал буурах ёстой.

Гэтэл өнөөдөр ядуурлын түвшин Улаанбаатарт 24 хувь, орон нутагт 38 хувьтай байна. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд 40 мянга хүрэх гэж байна. Энэ бол асар их тоо” гэлээ.

Мөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар:

“Малчдын тоо 310 мянга, малын тоо, толгой 66 саяыг давлаа. Жилд 15 сая мал, 500 мянган тонн мах, 15 сая ширхэг арьс шир, 9000 тонн ноолуур, 27 мянган тонн ноос дотоодын зах зээлд бий болж байна. Гэвч, эдгээр нь ямар ч нэмүү өртөг шингэхгүйгээр урд хөрш рүү гарч байна. Хэрвээ, аж үйлдвэрийг сэргээх юм бол түүхий эд бүрийг боловсруулах ажилд ажлын байр нэмэгдэнэ. Энэ талын илүү гүнзгий, ул суурьтай судалгаа хийгдсэн.

Мөн газрын баялаг ард түмний өмч байдаг ч хэдхэн гэр бүлийн гарт орсон. Өдөр, шөнөгүй байгалийн баялаг урд хилээр гарч байгаа. Энэ мөнгө хаашаа ороод байгааг бид одоо хүртэл олж, тогтоож чадахгүй байна. Хууль хяналтын байгууллага үнэхээр хойрго хандаж байгаа.

Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийг хүн бүр мэднэ. Монгол Улсыг одоо хүртэл тэжээж байгаа  энэ үйлдвэр аж үйлдвэрийн салбарын арвин туршлага болж байгаа. Тиймээс бид баялгаа шууд гаргахгүйгээр “Эрдэнэт” үйлдвэр шиг боловсруулах боломжтой. Өнөөдөр нэг тонн зэсийн үнэ гэхэд л 8000-10000 ам.доллар, метал зэсийн үнэ тонн тутамдаа 7000 ам.доллар боллоо. Экспортын гаалийн мэдээнээс харахад:

Коксжих нүүрс 25.8 сая тонн

Төмрийн хүдэр 6 сая тонн

Зэсийн баяжмал 1.6 сая тонн

Алт 19.2 тонн

Нефт 8 сая баррель

Цайр 126 мянган тонн

Ноолуур 6000 тонн

Ноос 14 мянган тонн

Арьс шир 3 сая ширхэг” гээд дурдаж болно. Ийм хэмжээний бүтээгдэхүүнийг бид түүхийгээр нь гаргахгүйгээр боловсруулаад, үйлдвэрлээд гаргах юм бол гаднаас өндөр хэмжээний зээл авах шаардлагагүй. Харин эдгээр экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг боловсруулж экспортод гаргаснаар бид 30 тэрбум ам.долларын орлого олж чадна” гэв.

Мөн аялал жуулчлалын асуудлаар “Дубайгаар жишээ авъя. Усан дээр, элсэн дээр хот байгуулаад аялал жуулчлалын бүс байгуулж байна. Хүмүүс л энэ ажлыг хийж байгаа. Хүний хийж чадаж байгааг бид яагаад чадахгүй гэж. УИХ-ын гишүүд, сайд нар бүгд гадаад руу ямар нэг байдлаар явж л байгаа. Тэдэнд эх орноо ийм болгочих юмсан гэсэн бодлыг төрүүлэх гэж иргэд та бүхэнтэй бас уулзаж байгаа юм шүү.

Одоо манайд аялал жуулчлалын ихэнх бүсийг хөгжүүлэхгүй байна. Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан, Хөвсгөл далайн эрэг хавиар газрыг нь шаглаад зарчихсан. Ямар ч баримжаа, нэгдсэн бодлогогүй. Уг нь, Монголд жуулчин татах боломж хангалттай байгаа.  Жишээ нь, жуулчин онгоцноос буугаад Хэнтий-Ховд чиглэлд явах аялагчдад  төмөр замаар тээвэрлэх төсөл хүртэл боловсруулсан. Төсөл нь бэлэн байгаа. Өнөөдөр Чингис хааны өлгий нутагт очихоор жуулчин үзэх юу ч байхгүй. Бүр өмнө нь “Чингис хаан” гэдэг архи л зардаг байсан шүү. Хархорин ч гэсэн дэлхийн анхны нийслэл гэх тодотголтой ч өнөөдөр үзэж, харах зүйл байхгүй байна” гээд аялал жуулчлалын төслүүдээ үргэлжлүүлэн танилцууллаа.

Төрийн тэргүүн Сүхбаатар дүүргийн иргэдэд хандан үг хэлж, санаачилсан, боловсруулсан төслүүдээ танилцуулж, цаг үеийн байр сууриа илэрхийлсний  дараа иргэдэд тулгарч байгаа асуудлыг сонсож, санал солилцлоо.

Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэн Шүрэнцэцэг


Монгол Улсын үе, үеийн Ерөнхийлөгч иргэдээ ингэж хүлээн авч, уулзаж байсныг би санахгүй байна. Иргэдээ хүлээн авч, уулзаж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга танд баярлалаа. Сүхбаатар дүүрэг “А” зэрэглэлийн бүст багтдаг. Өмнөх Засгийн газар дахин төлөвлөлтөд оруулж байсан ч энэ хөтөлбөр хэрэгжихгүй байна. Мөн дахиад зуух тараана гээд яриад байна. Зуух, яндан байгаа л бол утаа гарсаар л байх болно. Тиймээс иргэдийг байранд оруулах ёстой.

Сүхбаатар дүүргийн 19-р хорооны иргэн С.Цэвээнноров


Ард түмэнтэйгээ улаан нүүр тулан уулзаж байгаад баярлалаа. Энэ 76 гэдэг чинь тооноос цаашгүй, ажил хийхгүй, улс орон улам доройтож байна. Ийм учраас ганц Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна. Үүнийг ард түмэн дэмжиж байгаа гэж бодож байна. 20, 30 жил хэдэн намыг хольж, солилоо. Одоо шатахууны үнэ өслөө гэж байна. Шатахууны үйлдвэр барина гэж аль дээр үед л ярьсан. Ямар ч ажил хийгдэхгүй байна.

Сүхбаатар дүүргийн 1-р хорооны иргэн Соня


Монгол Улсаа хөгжүүлэх олон сайхан зүйл ярьж байгаад тань итгэж, ажил хэрэг болгоорой гэж хүсмээр байна. Мөн оффшортой тэмцэж, гадаадад байгаа хөрөнгийг нь татаж, иргэдийнхээ өрийг төлөөрэй. Ингэвэл, иргэдийн нуруун дээрх ачаа хөнгөрнө. Мөн намчирхах гэдэг асуудлыг бүр мөсөн зогсоох ёстой. Ард түмэн тогтвортой ажил хиймээр байна. Дарга солигдоод бүгд л солигдож байна. Ард түмэн дарга солигдохоор чичрэх ёсгүй, ажлаа хийгээд л явах ёстой.

Сүхбаатар дүүргийн 14-р хорооны иргэн О.Батбаатар


Бид дампуурсан байна. 0-18 насныхан сургуулийн насныхан байдаг. 18-50 насныхан ажилчид гэж болно. Гэвч, ажиллах насны залуус гадагш гарч хөдөлмөр эрхэлж байна. Гадаадад олон жил ажиллаж ирээд бие нь өвчин, энд үлдсэн үр хүүхэд, хөгшчүүл нь хүртэл өвчний үүр болж байна. Амьдрал иймэрхүү л байна. Тиймээс ид хөдөлмөрлөх насны хүмүүсийг бүгдийг нь ажилтай, орлоготой болгомоор байна. Татвар нэмж, тэтгэврийн насыг нэмж байна. Бидэнд иддэг 76 хэрэггүй, тэднийг огцруулъя, эсвэл ажил хийдэг болгомоор байна. Урд, хойд хөршүүд ямар гоё хөгжиж байна гээч. Гэтэл бид хөгжиж чадахгүй байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Иргэд, та бүхний асуудлыг бодитоор баримттай нь үзүүлнэ. Би бүх саналыг бичиж авсан. Бүх асуудал, бүх санал эргээд л нөгөө ажилгүйдэл, ядууралтай холбогдож байна. Төрийн бодлого байхгүй байгаа учраас бид ажилгүй, ядуу хэвээр байна.

Оффшорын асуудлаар би хойш суугаагүй. Энэ асуудлыг шалгаж байгаа ч АТГ удаан байгаа гэдэгтэй та бүхэнтэй санал нийлж байна. Харин АТГ-ыг цаашид шахаж ажиллана. Мөн та бүхний хөндөн ярьсан Оюутолгой, Дубайн гэрээний асуудлыг ч анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Газрын баялаг ард иргэдэд үр шимээ өгөх ёстой. Гурван сая иргэн хүртэх ёстой. Сонгуулийн үеэр яригдаж байсан өрийн асуудлыг мартаагүй.  Газрын баялгаа “шилэн” болгоод зөв хуваарилах юм бол иргэдийн өр бага юм билээ. Энэ асуудлаар удахгүй УИХ-д хуулийн төсөл өргөн барихаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт энэ долоо хоногт үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН