21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 05:42:33
Нүүр хуудас Нийтлэл Цөлжилтийн эсрэг БНХАУ-ын туршлага: Цөлийг “Баянбүрд” болгосон нь

Цөлжилтийн эсрэг БНХАУ-ын туршлага: Цөлийг “Баянбүрд” болгосон нь

Цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгууд хүн төрөлхтөнд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна. НҮБ-ын мэдэгдсэнээр, 2000-2019 онд буюу 20 жилийн хугацаанд дэлхий дахинд болсон цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж өмнөх 20 жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Энэ 20 жилийн хугацаанд дэлхий дахинд 7348 томоохон байгалийн гамшиг тохиолдсоны улмаас 1.23 сая хүн амь насаа алдаж, 4.2 тэрбум хүний аж амьдралд сөргөөр нөлөөлж, 2.97 их наяд ам.долларын хохирол учирсан гэж НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар мэдэгдсэн байна.

Тэгвэл энэ хугацаанд болсон нийт гамшгийн тавны дөрөв орчим хувийг үер болон шуурга эзэлж буй бөгөөд үүнээс үүдэлтэйгээр ган гачиг, ой хээрийн түймэр болон хэт халуун өдрүүдийн тоо эрс нэмэгдсэн байна.

Монгол Улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд зундаа ган гачиг, хавартаа шороон шуурга болох нь эрс нэмэгдсэн. Тухайлбал, энэ хавар Монгол орны дийлэнх нутгийг хамарсан хүчтэй шороон шуурга хэд хэдэн удаа болсон. Өнгөрсөн 3 дугаар сарын дундуур Дундговь аймгийг хүчтэй шороон шуурга дайрсны улмаас 9 хүн амиа алдаж, хэдэн мянган мал хорогдож, олон малчин амьжиргааны эх үүсвэрээсээ салсан юм. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын мэдэгдсэнээр, уг шороон шуурганы улмаас тус аймгийн нутаг дэвсгэрт хаа сайгүй 20-90 см элсэн хунгар үүссэн аж.

Монголд оронд сүүлийн жилүүдэд шороон шуурганы давтамж эрс нэмэгдсээр буй нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилттэй шууд холбоотой гэж БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, шороон шуурганы эрчийг сулруулж, цөлжилттэй тэмцэж, газрын доройтлыг бууруулахын тулд мод тууштай тарьж, ургамлын бүрхэвчийг нэмэгдүүлэх, тэр дундаа цөлжилтөд хамгийн их нэрвэгдээд буй говийн аймгуудад тухайн орон нутгийн онцлогт хамгийн сайн тохирох заган ойн хэмжээг нэмэгдүүлэх нь юу юунаас илүү чухал байна.

Монголын говиос эхтэй шороон шуурга хөрш БНХАУ, цаашлаад Солонгосын хойгт хүрч буй тухай энэ жил гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарлаа.

Манай улсын хөрш БНХАУ нь цөлжилттэй хамгийн сайн тэмцэж буй улсуудын нэг юм. Тиймээс энэ удаад БНХАУ-ын цөлжилттэй тэмцэж буй туршлагын зах зухаас уншигчдадаа хүргэе.

БНХАУ-ын цөлжилтийн эсрэг тэмцэл

No description available.

Цөлжилттэй тэмцэх цуврал арга хэмжээнүүдийг БНХАУ тууштай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрсээр байна. Тухайлбал, тус улс 1978 онд “Их Ногоон Хэрэм” хэмээх цөлжилтийн эсрэг томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улсынхаа хойд нутгийн цөлжсөн газруудад “асар их хэмжээний ой модон хана хэрэм” босгосоор байна. Энэ хөтөлбөр нь 2050 онд дуусах бөгөөд хөтөлбөр дуусах үед нийтдээ 4500 км урт газар нутгийг бүрэн ойжуулсан байх аж. Мөн энэ хөтөлбөр эхлэх үед Хятадын хойд нутгийн ойн бүрхэвчийн хэмжээ 5 хувь байсан бол хөтөлбөр дуусах үед 15 хувьд хүрэх төлөвтэй байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 66 тэрбум гаруй модыг Хятад улс хойд бүс нутагтаа тарьсан бөгөөд сүүлийн хэдхэн жилийн хугацаанд бараг 13 сая га газрыг буюу Грекийн газар нутагтай тэнцэх хэмжээний газрыг ойжуулжээ.

“Муу усны цөл”-ийг “баянбүрд” болгосон нь

Нэгэн цагт Хятадын хамгийн их цөлжилтөд нэрвэгдсэн буюу тус улсын дөрвөн  том элсэн цөл газрын нэг гэгдэж байсан “Муу усны цөл” хэмээх газар өдгөө “баянбүрд” болоод байна.

Тус улсын Шэньси муж болон Өвөр Монголын ӨЗО-ы хилийн заагт орших энэ цөл газрыг өмнө нь хүмүүс “чөтгөрийн газар” гэдэг байжээ.  1950-аад оноос өмнө энэ газарт байнга элс шороон шуурга болж, нутгийн иргэдийн аж амьдрал ихэд доройтож байжээ. Нутгийн оршин суугчдын гэр, хашаа байнга элсэнд дарагдаж, тэд сүхээр элсэн хунгарыг хагалж цэвэрлэдэг байсан байна. Харин 1959 оноос нутгийн оршин суугчид элстэй, цөлжилттэй тэмцэхээр хатуу шийджээ. Тухайлбал, тэд салхинд тэсвэртэй модыг олноор тарьж, элстэй газрыг газар тариалангийн талбай болгохын тулд усны суваг шуудуу барих болсон байна. 

Тэдний хагас зуун жил гаруй хугацааны уйгагүй тэмцэл, хүчин чармайлтын үр дүнд өдгөө энэ газар ургамал ногоо, ой мод бүхий баянбүрд болж хувирч, оршин суугчдынх нь аж амьдрал ч сайжирчээ. Өөрсдийн гараар бүтээсэн энэ ойн үр шимийг нутгийн оршин суугчид хүртэж, жимс жимсгэнэ, мөөг гэх мэтээр өрхийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй худалдан борлуулах замаар орлогоо нэмэгдүүлэх болсон байна.

Эх сурвалж: https://www.ecowatch.com/united-nations-climate-crisis-report-2648189417.html?fbclid=IwAR3SubxvUFgwYnRZOT0vXlD6qyBxCcNEBUns9s5qaEUWZiSS7NGtokNrC_M#:~:text=UN%3A%20Climate%20Crisis%20Has%20Doubled%20Natural%20Disasters%20in%20Last%2020%20Years,-Deutsche%20Welle&text=Climate%20change%20has%20spurred%20close,United%20Nations%20warned%20on%20Monday

Бичсэн: Г.Солонго

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН