Нүүр хуудасЯрилцлагаЦ.Нямдорж: Оюутолгой төсөл цааш үргэлжлэх ёстой...

Ц.Нямдорж: Оюутолгой төсөл цааш үргэлжлэх ёстой…

Сүүлийн өдрүүдэд 2009 онд хийгдсэн Оюутолгойн гэрээний асуудал олны анхаарлыг татаад байна. Угаасаа ч тийм байсан. Энэ гэрээ нь анх хийгдэхдээ Монгол улс ашиг хүртэхээр байсан бол 2015 онд хийгдсэн Сайханбилэгийн Засгийн газрын Дубайн гэрээгээр 2038 цаашлаад 2048 он хүртэл Монгол улс ашиг хүртэхээргүй болж, ашиг хүртэх тэр үедээ Оюутолгой юу ч үгүй болсон байна гэж олон хүн ярьж шүүмжлэх болсон. Ялангуяа Дубайн гэрээг хүчингүй болгох шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс гаргаж, УИХ-аар 2015 онд хийгдсэн Дубайн гэрээг цуцлах хүртэл асуудал яригдаж эхлээд байна. Гэхдээ энэ асуудалд МАН-ын бүлэг хоёр хуваагдаад байгаа тухай ч зарим гишүүд хэлж байгаа. Гэхдээ энэ төслийг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй гэдэг дээр хатуу зогсож байгаа нэг хүн нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж юм. Тиймээс энэ асуудлаар түүнээс тодруулахад дараах тайлбарыг өглөө.

Ц.Нямдорж: “Их хурлын гишүүд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж болно. Тэгэхдээ шүүмжлэлтэй хандаж байгаа бол баримттай үнэн юмыг ярих хэрэгтэй хуулийн хүрээнд. Их хурлын гишүүд ордон дотор хов жив хутгаж гүтгэлэг тараах ажил хийдэггүй л учиртай юм. Харамсалтай нь сүүлийн олон жилүүдэд энэ оюу толгойн гэрээний талаар хов жив хардлага тараах ажлыг ард иргэд ч биш сэтгүүлч ч биш их хурлын гишүүд л хийж байгаа. Энэнээс үүдэлтэй яриа хөөрөөнүүд гарч байгаа. Оюутолгой гэрээ, Дубайн гэрээний тухайд. 2009 онд  Их хурал 57-р тогтоол гаргаад, засгийн газар зөвшөөрөл өгөөд, тэр зөвшөөрлийн хүрээнд засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Баярцогт ажлын хэсгийг ахлаж байсан Баяр ерөнхий сайд байсан одоогийн ерөнхийлөгч Баттулга сайд байсан би ч сайд байсан ийм үе. Энэ гэрээ болвол монгол улсад барууны орнуудын хөрөнгө оруулалт хийж байгаа урьд өмнө хийгдэж байгаагүй хожим нь дахиад үл хийгдэх ийм анхны том гэрээ. Энэ зөвхөн ганц үйлдвэрийн асуудал биш энийг дагасан улсын аюулгүй байдлын асуудал, бүрэн эрх, тусгаар тогтнолын асуудал улсын гадаад харилцааны асуудал гэсэн олон олон ийм давхар үр дагавартай яриа болсон. Гэрээ байгуулагдсанаас хойш бараг 10 жил болж байна. Энэ хугацаанд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Яг одоогийн байдлаар  ес орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. МУ-ын ДНБ-ий жилийн орлогоос давах хэмжээний ийм хөрөнгө оруулалт хийгдсэн. Эзгүй талд Монголын талд Монголын Засгийн газраас нэг ч төгрөг гаргалгүйгээр үйлдвэр боссон. Одоо далд уурхайн ажил идявагдаж байгаа. Далд уурхай гэдэг бол газар дороос 1300-1500 метрийн гүнд хийгдэж байгаа бүхэл бүтэн хот гэсэн үг. Энэ ажилд “Рио Тинто” компани, гэрээг дагасан компаниуд эсвэл гадаадын 15 банк, энэний дотор ОУВС, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг бүх том банкууд оролцож, далд уурхайн ажил хийгдэж байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тэнд 15 мянган хүн ажиллаж байгаа. 15 мянган хүний 95 хувь нь Монголчууд байгаа. энэ төслийг тойрсон 20-иод мянган аж ахуй нэгж ямар нэгэн байдлаар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Ийм том төсөл хэрэгжиж байгаа. Ер нь намайг 2017 онд буцаж Хуулийн яаманд очсоноос хойш гурван асуудлаар Оюутолгой компани Монгол улсын засгийн газрын хооронд асуудал яригдаад байсан.

Нэгдүгээр асуудал: Танай их хурал Оюутолгойн гэрээг зогсоох шийдвэр гаргах гээд байна. Гишүүд чинь тийм юм яриад байна, ажлын хэсэг байгуулагдаад олон удаа шалгаж байна. Энэ танай улсын байр суурь мөн үү гэдэг асуудлыг байнга яриад байсан.

Хоёрдугаар асуудал: Танай Захиргааны хэргийн шүүх тэр Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгох ийм маргаан явагдаж байгаа. Энэ танай засгийн газрын байр суурь мөн үү гэсэн асуудал яригдаад байсан.

Гуравдугаар асуудал: Татварын шалгалт орж акт тавигдсан. Энэ татварын маргаантай асуудлыг эвийн журмаар шийдье яриандаа зааснаар. Арбитрын шүүхэд шүүхдэлцмээргүй байна гэдэг санал тавьсан. Тэрэнд нь манайх албан ёсны хариу өгөөгүй байсан. Ийм байдалтай бараг 2 жил болсон. Сая Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа гэнэт нэг өдөр сонирхолтой нь Захиргааны шүүх хуралдаад Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон. Бас тэр төлөвлөгөөг хүчингүй болгох арга хэмжээ ав гэсэн УИХ-ын хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлсэн. Ингээд ерөнхийдөө болвол энэ Оюутолгойн төсөл шууд зогсох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан.

Энэ асуудлыг аюулгүйн зөвлөлөөр ярьсан. Монголд ирж болох эрсдлийн тухай асуудлыг. Цаашдаа Монгол ер нь ямар замаар явах юм. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал яригдсан. Ямар ч байсан их хурал дээр ярьж байгаад эцсийн хариуг өгье гэдэг асуудал яригдаад байгаа.

Оюутолгой компанийн хувьд хоёр талаас маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Нэг талаас Монгол улс ноогдол ашиг авч чадахгүй байна, энэ гэрээг хүчингүй болгоно гэдэг асуудал яригдаж байгаа. Нөгөө талд нь хөрөнгө оруулагчдын зүгээс танай Монголд 9 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн. Хувьцаа эзэмшигчид гэсэн үг. Бид нарт хөрөнгө оруулагч нарт юу өгсөн юм бэ? юу байхгүй гэсэн хоёр талын шахаа байгааг саяхан төлөөлөл нь ирж танилцуулсан. Ийм хоёр талын маш хүнд нөхцөлд ажиллаж байна гэж.

Ц.Нямдорж: Миний байр суурь бол энэ Оюутолгойн төсөл цааш үргэлжлэх ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа. Үүнийг хамгаалж байна гэж үзээд байгаа юм.

Монгол улс тэр аяараа будилаад 2009 онд их хурал нь засгийн газар нь Ерөнхийлөгч нь хөтөлж байгаад энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Энэ зөвхөн өнөөдрийн асуудал биш. Монгол улс Европын холбооны улсуудтай Америкуудтай Англичуудтай, Дэлхийн банктай, ОУВС-тай дэлхийн хамгийн том банкуудтай харьцах харьцаа тасрах гэж байгаа учраас би санаа зовоод байгаа юм аа.

Хоёрдугаарт: Оюутолгойн төслийг зогсоох юм бол дааж давахын аргагүй маргаанд Монголын засгийн газар, Монгол улс орно. Энэ маргаанд ялагдах магадлал маш өндөр. Тэгээд маргаанд ялагдаад маргааны зардал төлөөд, хөрөнгө оруулалтыг нь буцааж төлөөд, үйлдвэрийг зогсоогоод тэгээд энэ үйлдвэрийн хувь заяа яах нь мэдэгдэхгүй нөхцөл байдалд орох, ирээдүйд авах байсан ашгаа хүртэл нэхнэ ээ, Лондонгийн шүүхэд очно. Ийм хууль зүйн үр дагавар яригдаад байгаа учраас улсыг ийм хүнд байдалд оруулж болохгүй гэж хатуу үзэж байна.

Дубайн төлөвлөгөөний тухайд:

Тэнд очоод гарын үсэг зурчихсан. Энэ дээр би төлөвлөгөөг шүүмжилсэн хүмүүстэй ижил байр суурьтай байдаг. Гэхдээ Сайханбилэг гэдэг хүн тэр төлөвлөгөөг батлах үедээ Монгол улсын ерөнхий сайд байсан нь үнэн. Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайд захирамж гаргаад энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг Бямбасайхан, Да.Ганболд гэдэг хүнд өгсөн нь үнэн.

Тэр төлөвлөгөөгөөр 15 банк хөрөнгө босгож 4 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалтыг далд уурхайд хийчихээд байгаа нь бас үнэн. Хүний юм авчихаад бид аваагүй гэж зугталтай нь биш яах юм. Манай Сайханбилэг гэдэг хүн Монгол улсын Ерөнхий сайд байгаагүй гэж зугталтай нь биш яах юм.

Ёстой л нөгөө БАНДАН ТАС гэдэг юм 2015 онд болсон. 2015 онд Сайханбилэг Ерөнхий сайд байх үед манай нам тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нь бас үнэн. Шадар сайд нь Хүрэлсүх, Сангийн сайд нь Эрдэнэбат байсан нь үнэн. Энийг худлаа гэж өнөөдөр зугтах уу?

Ийм байдал бий болчихоод байгаа учраас асуудлыг их нухацтай шийдэхгүй бол болохгүй. Ойрын өдрүүдэд хөрөнгө оруулагчдын ТУЗ-ийн хуралдаан болж энэ төслийг цаашаа явуулах уу үгүй юу гэдэг асуудал тавигдчихаад байна. Ийм асуудал ярих гэж байхад нь Захиргааны шүүх нь Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгоод, Их хурал нь зогсоох хүртэл арга хэмжээ гээд Дубайн төлөвлөгөөнд шийдвэр гаргачихвал энэ төсөл ямар эрсдэлд орох вэ? энэ үйлдвэрийн хувь заяа цаашаа юу болох вэ? тэнд ажиллаж байгаа 15 мянган иргэний амьдрал яах вэ? 20-иод мянган ААН-ийн амьдрал юу болох вэ? Лондонгийн шүүх дээр ялагдаад энэ улс дааж давшгүй өрөнд ороод дуусвал юу болох вэ? Хэн хожих вэ? гэдэг л асуудал байгаа юм” гэсэн юм.

Ямартай ч энэ асуудал цааш үргэлжилнэ. Мэдээж олон улсад яригдах томоохон төслийг цуцлах эсэх нь ардаа олон асуудлыг дагуулж байгаа нь мэдээж. Гэхдээ хамгийн гол нь энэ нь Монгол улсад ямар ашиг, үр өгөөжтэй вэ гэдгийг бодож асуудалд хандах нь зүйтэй байх. Тиймдээ МАН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногтоо багтаж саналаа нэгтгэхээр болсон байгаа. Бид ч энэ асуудлын талаар тогтмол шуурхай мэдээллийг уншигчиддаа хүргэж байх болно оо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН