Нүүр хуудасМэдээШадар Сайд: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Шадар Сайд: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр (2024.05.03) Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилтын дагуу төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг нийгмийн хөгжил, олон улсын харилцаа, хамтын ажиллагааны өөрчлөлтийг харгалзан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна гэж Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

Тэрбээр “Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд үндэслэн хуулийн хэрэгжилттэй холбоотой хүндрэл бэрхшээлийг арилгах, төрийн тусгай хамгаалалтын зорилго, хамрах хүрээг Монгол Улсын Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн оновчтой тогтоож, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, албан хаагчид тавих мэргэжлийн чадвар, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэх, эрх зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоор Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Улсын Их Хурлаас 1995 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд үүнээс 2 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөс бусад нь нь тус хуулийн зохицуулалттай холбоотой тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд биш харин салбарын бусад хуулиуд шинэчлэгдсэн, эсхүл тэдгээрт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой байна.

2020 онд хуульд оруулсан өөрчлөлтөөр Төрийн тусгай хамгаалалтын газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон зохион байгуулалтын хувьд өөрчилсөн боловч үүнтэй уялдуулан байгууллагын чиг үүрэгтэй холбоотой хуулийн зохицуулалтыг шинэчлээгүй нь тус агентлагаас хариуцсан чиглэлийн хүрээнд бодлого тодорхойлох болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, үүрэг чиглэл өгч, гүйцэтгэлийг хангуулах зэрэг эрх хэмжээг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байна” гэлээ.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүтцийн хувьд дараах агуулга бүхий 7 бүлэг 60 зүйлтэй байхаар боловсруулжээ.

Үүнд:

1.Нэгдүгээр бүлэг: Нийтлэг үндэслэл буюу хуулийн зорилт, хууль тогтоомж, нэр томьёоны тодорхойлолт, төрийн тусгай хамгаалалтын зарчим;

2.Хоёрдугаар бүлэг: Төрийн тусгай хамгаалалтын ойлголт, түүний хамрах хүрээ, зэрэглэл болон хамгаалтын бүс, хамгаалалтын арга хэмжээтэй холбоотой харилцаа;

3.Гуравдугаар бүлэг: Төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх байгууллага, төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны эрх зүйн үндэс, бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүрэг;

4.Дөрөвдүгээр бүлэг: Төрийн тусгай хамгаалалтын байгууллага, түүний эрх хэмжээ, төсөв санхүүжилт, удирдлага;

5.Тавдугаар бүлэг: Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын алба хаагчийн чиг үүрэг, эрх зүйн байдал, нийгмийн баталгаа;

6.Зургадугаар бүлэг: Төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан албадлага хэрэглэх үндэслэл, журам;

7.Долдугаар бүлэг: Бусад асуудал буюу хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН