Нүүр хуудасМэдээШадар сайд Ө.Энхтүвшин Баян-Өлгий аймагт ажиллалаа

Шадар сайд Ө.Энхтүвшин Баян-Өлгий аймагт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, тус аймагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хуралдууллаа

-Тус аймаг нь 13 сум 90 багтай. 2018 он гарсаар 3719 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Толбо, Алтай, Буянт, Бугат, Улаанхус, Цэнгэл, Сагсай, Дэлүүн, Баяннуур, Алтанцөгц сумд, Өлгий сумын 7-р баг “Хотгор”, Цагааннуур тосгоны малчдын өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй, Булган, Ногооннуур сумдын өвөлжилт хэвийн байгаа аж.

2018 оны 1 дүгээр сарын байдлаар тус аймгийн Булган сумаас Ховд аймгийн Дуут суманд 14,400, Мөнххайрхан суманд 35,000, нийт 49,400 толгой мал, Ногооннуур сумаас Увс аймгийн Бөхмөрөн суманд 6000 толгой мал, бүгд 55,400 толгой малыг өөр аймгийн нутагт отроор өвөлжүүлж байна.

Уулархаг газарт  30-40 см  хүртэл цас орж ан амьтны бэлчээрлэлт хүндэрч улаан номонд орсон аргаль, янгир, халиун буга зэрэг амьтад уулнаас бууж, малтай хамт бэлчиж идээшлэх  байдал ажиглагдаж байна

Засгийн газрын шийдвэрээр тус аймагт байрлах Улсын нөөцийн цэгүүдээс 450 тн өвсийг үнэгүй, 400 тн тэжээлийг хямдруулсан үнээр малчдад батлагдсан хуваарийн дагуу олгож байна

Аймгийн аюулгүйн нөөцөд 227 тн тэжээл, 139,4 тн өвсийг 2 дугаар сарын эхний 10 хоногт багтаан бүрдүүлж өвс тэжээл шаардлагатай байгаа сумдад хуваарилан олгоно гэж тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан танилцууллаа.

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт хандан ан амьтдын өвөлжилттэй холбоотой Ногооннуур сумын “Бахлаг”, Улаанхус сумын “Баян уул”, Толбо сумын “Сайр”, “Борт”, Ногооннуур сумын “Ямаат”, Улаанхус сумын “Их ойгор”, “Усай живэт”, Цэнгэл сумын “Бор бургасан”, “Мухар”, Алтай сумын “Шар говь” гэх газруудад биотехникийн арга хэмжээ авах тул шаардлагатай 6.0 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх санал тавилаа

Mөн Онцгой байдлын газрын шуурхай албаны фургон автомашины эдэлгээний хугацаа дуусч, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй байгаа тул  шуурхай албаны автомашин,  Улаанхус, Толбо сумдыг түргэн тусламжийн машинтай болгох,  Алтанцөгц, Бугат сумдад цаг уурын өртөө, харуул шинээр байгуулах шаардлагатай байгаа талаар танилцуулсан.

Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр, Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад аймаг, орон нутаг нь тухайн жилийн батлагдсан төсвийн 2.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулахаар тусгагдсан байгаа. Гамшгийн эрсдэлийг бууруулах зардлыг орон нутгийн төсөвт  тусгаж ажиллах ёстойг аймгийн удирдлагуудад анхааруулж хэллээ

Засгийн газрын тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан 8000 тн өвс үнэгүй, 6500 тн малын тэжээлийн үнийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр аймаг, орон нутагт хуваарилахаар болсон. Энэ тогтоолын дагуу  Баян-Өлгий аймагт улсын нөөцөөс 450 тонн өвсийг үнэгүйгээр, 400 тонн тэжээлийг  50 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэж, өвс, тэжээлийн эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өглөө гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН