Нүүр хуудасМэдээШИНЭ нам: 750 тэрбум төгрөгийг нийт ахмадад тэгш хүртээх ёстой

ШИНЭ нам: 750 тэрбум төгрөгийг нийт ахмадад тэгш хүртээх ёстой

УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс өнөөдөр тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн шийдвэртэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Ж.Батзандан: “Салхитын мөнгөний ордыг барьцаалан, бонд босгох замаар 750 тэрбум төгрөгийг өндөр настнуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах зөвлөмжийг ҮАБЗ-ийн гишүүд гаргасан нь хуулийн төсөл болж, өнөөдөр ТББХ-гоор хэлэлцлээ.

Монгол Улсын хэмжээнд өндөр насны тэтгэвэр авч буй 305 мянган хүн байна. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын тоо ойролцоогоор 240 мянга. 750 тэрбум төгрөгийг зөвхөн 240 мянган ахмадын тэтгэврийн зээлийг хаахад зориулах нь тэтгэврийн зээл аваагүй ахмадуудыг ялгаварлан гадуурхсан асуудал болж байна гэж иргэд, олон нийтээс гомдол гаргаж байгаа. Зээл авсан нь хожиж, зээл аваагүй ахмадууд нь хохирч үлдэх нь шударга ёсонд нийцэхгүй, Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2 “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” хэмээн заасан байдаг. Энэ бол Үндсэн хуулийн суурь зарчим. Иймд Салхитын мөнгөний ордыг барьцаалж босгох 750 тэрбум төгрөгийг тэтгэврийн насны бүх ахмадад адил тэгш, тэнцүү хэмжээтэй хүртээх нь зүйтэй гэдэг шийдвэрийг “ШИНЭ” намын Ерөнхий зөвлөлөөс гаргасан. 750 тэрбум төгрөгийг 305 мянган ахмадад хуваахад, нэг хүнд ойролцоогоор 2.5 сая төгрөг оногдож байна. Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг баримталж, ахмадуудыг ялгаварлан гадуурхахгүйгээр бүх ахмадад тэгш олгох нь зүйтэй гэдэг саналаа УИХ руу оруулж байгааг та бүхэнд дуулгая” гэлээ.

Л.Болд: “Хамгийн өндөр тэтгэвэртэй аравхан мянган хүн энэ хуулийн дагуу 100 тэрбум төгрөг авах гэж байна. Гэтэл 100 мянган бага тэтгэвэртэй, бага зээлтэй иргэн мөн адил 100 тэрбумыг авах гэж байна. Зээл аваагүйнхээ төлөө бусад ахмадууд нь төрийн халамжийн гадна үлдэж болохгүй. Ийм шударга бус хуваарилалт хийж болохгүй. Үүний төлөө манай нам шаардлага хүргүүлж байгаа. Хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол бид нөгөөдөр буюу 1 дүгээр сарын 10-ны өдөр сануулах жагсаал цуглаан эхлүүлнэ” гэж мэдэгдээд байна.


ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН