-2.1 C
Ulaanbaatar
Пүр, 21 10 сар 2021 06:21:40
Нүүр хуудасБусадШөнийн цагаар ажилласан бол цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгохоор тусгажээ

Шөнийн цагаар ажилласан бол цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгохоор тусгажээ

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт болсон ээлжит хуралдаанаараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
 
Монгол Улсад хөдөлмөрийн харилцааг анх 1925 онд “Аливаа хүчин үнэлэгчдийн дүрэм”-ээр зохицуулж иржээ. Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
 
1999 оны хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлэн зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр ба гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг бий болгосон гэж үздэг.
 
Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүйд хүрчээ.
 
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх дараах хэрэгцээ, шаардлага үүсээд байна.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо, төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулжээ.
 
Шинэчилсэн найруулгын төсөлд: 
 
Оюутолгой, Тавантолгой зэрэг уурхайд гэрээсээ алслагдмал байдлаар ажиллаж буй залуучуудын ажил, амралтын горимыг шинэ хуульд тусгасан. Уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулахаар хуулийн төсөлд тусгав.
 
Шөнийн цагаар ажилласан бол цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгохоор тусгасан.
 
Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг оруулжээ. Тиймээс энэ хуулиар цалин хөлсийг бүрэн бус цагаар ажилласан бол бүрэн цагаар ажиллах ажлын хөлснөөс багагүй байхаар тусгасан байна.
 
Хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлуудыг шүүхийн шатанд очихоос өмнө шийддэг, эвлэрүүлэн зуучилдаг байх, үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөн шийддэг байх талаар зохицуулалт оруулсан.
 
Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөтгөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож, хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхээр төсөлд тусгасан.
 
Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөр эрхлэлтийн харилцааны суурь хэм хэмжээг тогтоож, хууль тогтоомжид заасан стандарт зохицуулалтыг дээшлүүлэх, бусад хөдөлмөр, нийгмийн асуудлыг аж ахуйн нэгж, байгууллага дотроо буюу ажил олгогч ажилтан, түүний төлөөлөгчид харилцан зөвшилцөхөөр зохицуулсан.
 
Ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хуулийн төсөлд ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг нарийвчлан тусгалаа.
 
Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан орууллаа.
 
Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар зохицуулсан.
 
Цалин хөлсний зохицуулалтын хувьд ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох, түүнчлэн бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН