Нүүр хуудасМэдээЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Ажлын хэсгүүдийг байгууллаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.04) хуралдаан 11 цаг 07 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт  бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгаж, үг хэллэг, найруулга,  хууль зүйн техникийн засварыг хийж эцсийн хувилбарыг тараасан гэдгийг дурдав.

Хуралдаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар хадгаламжийн хүү хэт өндөр байгаа нь эргээд зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нөхцөл болж байгааг тодотгоод, зээлийн хүү болон хадгаламжийн хүүг бууруулах асуудалд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулсан.  

Ажлын хэсгийн зүгээс зээлийн хүүгийн өндөр байгаа гол шалтгаан нь хуримтлалын төвлөрөл, хадгаламжийн хүү хэт өндөр байгаатай холбоотой гэж байлаа. Түүнчлэн Монголбанкнаас өнгөрсөн 07 дугаар сарын 01-нээс зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн журмуудыг шинэчлээд арилжааны банкуудын эх үүсвэрийн төвлөрөлд хязгаарлалтууд тавьжээ. Ингэснээр  төвлөрлийн эрсдэл буурч зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлнэ гэж байлаа. Мөн Монголбанкны бодлого, хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлсэн. Банкны эрсдэл даах чадвар, өөрийн хөрөнгө нь нэмэгдэхээр эргээд зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ мэтчилэн Монголбанкны зүгээс зээлийн хүүг бууруулах асуудалд цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг хариултдаа дурдсан.

Ингээд тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн  Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч төсөл санаачлагч гишүүн гадаадад албан томилолттой яваа тул хэлэлцүүлгийг хойшлууллаа. 

  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүнээс  2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлын хэлэлцүүлгээр үргэлжлэв. 

Энэ талаар төсөл санаачлагч гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. 

Тэрбээр танилцуулгадаа, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар үүсгэн байгуулагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгосноор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцлов. 

Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан бүтээгдэхүүн болох хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц ажиллагаа юм. Гэтэл хот суурин газрын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаадрдлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй, байгальд шууд хаяж, орчныг бохирдуулан, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж байгаагаас хэвийн ажиллагаанд 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 байгаа бөгөөд цэвэрлэх байгууламжийн талаас илүү хувь нь үйл ажиллагааны доголдол, эвдрэлтэй байгаагаас үүдэн жилд 120 сая гаруй м3 бохир ус байгальд шууд хаягдаж байна. Түүнчлэн цэвэрлэх байгууламжид ирсэн бохир усны багагүй хэсгийн төлбөр тооцоог хариуцах эзэн олдохгүй байгаа нь ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг алдагдалд оруулж байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдлаа. 

Сүүлийн үед ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, байгаль орчин, усны эх үүсвэрийг бохирдуулах зэрэг зөрчил газар авсан. Иймээс ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.   

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Тэрбишдагва нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. 

Ингээд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Дараа нь Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийг  Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахлахаар болсон.

Түүнчлэн  Дагуул хот хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай  асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарыг томилж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва нарыг ажлуулахаар тогтов. Ингээд Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН