Өнөөдөр бол Олон улсын эмч нарын баярын өдөр. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарыг алдаршуулах, эмчийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой тэмдэглэдэг болжээ.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн жилээс эхлэн энэ өдрийг эмч нараар бахархах, тэднийг дэмжих, тулгамдсан асуудлыг нь шийдэх гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх ажил хэрэгч байдлаар тэмдэглэж байх санаачлага гаргасан. Тэр хүрээндээ “Эмч танаараа бахархъя” арга хэмжээг өнөөдөр UG arena цогцолборт улс орны өнцөг булан бүрээс ирсэн 2500 эмчийг оролцуулан зохион байгуулж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын дад дарга Л.Мөнхбаатар, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн.
Мөн энэ үеэр УИХ-аар баталсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийг гардуулж өгөх ёслол болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль гардсан хүмүүст шагналыг нь гардуулж өглөө.

“Эмч танаараа бахархъя” үйл ажиллагаа зөвхөн баяр биш, энэ өдөр эмч нар салбарынхаа тухай яриа өрнүүлж, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй асуудал, санал бодлоо чөлөөтэй солилцох юм. Мөн оролцогчид өөр өөрийн сонгосон салбар хуралдаанд оролцож, шинэ мэдээ мэдээлэл сонсох юм.
