Нүүр хуудасБусадЭмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэгүүд

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэгүүд

Т.Одбайгал (НӨАГ-ын эмэгтэйчүүдийн их эмч, АУ-ны доктор)

Эмэгтэйчүүдийн өвчлөлийн дунд эмэгтэй эрхтэний үрэвсэлт эмгэг дийлэнх хувийг эзэлж байна. Энэ эмгэгийн тохиолдол нь жилээс жилд өсч байгаа ба залуу охид, бүсгүйчүүд илүүтэй өвдөж байгаа нь эмч нарын анхаарал татаж байгаа юм. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэгийн нэрийн дор эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэний эмгэгүүд хамаарагддаг. Өөрөөр хэлбэл: умай, өндгөвч, үрийн хоолой, умайн хүзүүний эмгэгүүд хамрагдана. Эдгээр эрхтэнд бэлгийн замаар халдвар тархаж өвчлүүлдэг. Эхний үед эмэгтэйчүүд ямар нэг зовиур хэлэхгүй байж болно. Гэхдээ үрэвсэлт эмгэг даамжраад ирэхээр дараах шинжүүд илэрдэг:

  • Умдаг орчмоор өвдөх
  • Үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарах
  • Биений юмны мөчлөг хооронд цуслаг ялгадас эсвэл цус гарах
  • Бэлгийн харьцааны үед өвдөх
  • Халуурах, бие чихүүцэх
  • Шээс ойр ойрхох хүрэх
  • Бэлэг эрхтэн, умдаг орчим тууралт гарах
  • Цавины булчирхай цочих

Эмэгтэйчүүд дээрх зовиураас илүүтэй жирэмслэхгүй болохоор эсвэл олон дахин зулбахаар эмчид ханддаг байна. Хэрвээ эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэгүүдийг эмчлэхгүй бол дээрх байдалд хүргэж болдог. Дээрх эмгэгүүдийг үүсэхэд бэлгийн замаар дамждаг халдварууд их нөлөөтэй байдаг. Тухайлбал: микоплазм, уреплазм, энтеробактер, хламид, мөөгөнцөр, гарднерелл, хүний папиллом вирус, бэлгийн хомхойн вирус. Эдгээр бэлгийн замаар дамждаг өвчнийг эмчлэхгүй бол эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэгийг үүсгэдэг. Энэ үрэвслийг эмчлэхгүй бол умай, өндгөвч, үрийн хоолойн идээт буглаа үүсдэг ба цаашид энэ нь эмийн эмчилгээнд үр дүн өгөхгүй болохоор мэс засал хийх болдог. Үүний улмаас үргүйдэлтэй болох, зулбах, дутуу төрөх, ураг хэвлийдээ амьгүй болох, төрсний дараа нярайн шарлалт удаан үргэлжлэх эрсдэлтэй байхаас гадна бусад эрхтэн тогтолцоог өвчлүүлж болдог талтай. Дээрх бичил биетэн нь эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийг өвчлүүлдэг ба эрчүүдэд зовиургүй шахам байдаг учраас нян тээгч гэж нэрлэдэг ба түрүү булчирхайн үрэвсэл үүсгэхээс гадна эрэгтэй гаралтай үргүйдэл, бэлгийн сулралд хүргэж болох учраас заавал хосуудыг хамтад нь эмчлэх нь зүйтэй.

Охид бүсгүйчүүдэд анхаруулахад дээрх зовиур илэрсэн даруй мэргэжлийн эмчид хандах естой ба хэрэв гэрлэх төлөвлөгөөгүй бол байнга бэлгэвч хэрэглэхийг зөвлөж байна.

Бэлэг эрхтэний мөөгөнцөр. Энэ эмгэгийн үед бэлгийн уруул орчим загатнах, хорсох, улайх, маажсаны улмаас зулгарах, эрчүүдийн бэлэг эрхтэний толгой эсвэл хошногоны амсар орчим улайж хорсдог. Үүнийг эмчлэхдээ хосуудыг хамтад нь эмчлэхгүй бол зөвхөн эмэгтэйчүүд эмчлүүлбэл эрчүүд тээгч болсон байдаг ба дахин халдварлуулах магадлалтай.

Бэлэг эрхтэний ургацаг. Энэ нь бэлгийн замаар дамждаг вирусээр үүсгэгддэг ба арьсан дээр ургацаг гарах хэлбэрээр илэрдэг. Үүнийг өөлж эсвэл түлж авснаар бүрэн эмлэгдэхгүй  ба вирусын эсрэг бэлдмэлийг удаан хугацаагаар уух эсвэл шулуун гэдсээр лаа хэлбэрээр хавсарч хэрэглэх ёстой. Ингэж эмчлэхгүй бол ургацаг дахин гардаг.

Дээрх бүх үүсгэгчийг PCR буюу полимеразын гинжин урвалаар илрүүлдэг ба ердийн наацын шинжилгээгээр илэрдэггүй. Иймээс ердийн наацын шинжилгээгээр хангалттай бүрэн оношилж чадахгүй.

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН