Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулган 2025 оны 5 дугаар сарын 19-27-ны өдрүүдэд Женев хотноо “Эрүүл мэндийн төлөөх нэг дэлхий” сэдвийн дор чуулж байна. Чуулганд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлж, дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг эрүүл мэндийн сорилтыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газар хүн бүрийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад тууштай анхаарч буйг дахин нотолж, эрүүл мэндийн тогтолцоогоо Тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганаар гишүүн улсууд олон улсын эрүүл мэндийн тогтолцоо, цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх, уур амьсгалын өөрчлөлт, зэвсэгт мөргөлдөөн зэрэг олон хүчин зүйлийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг уялдуулах, мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх стратегийг хэлэлцэнэ.