Нүүр хуудасМэдээЭМЯ: Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт улсын хэмжээнд 40.4 хувьд хүрлээ

ЭМЯ: Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт улсын хэмжээнд 40.4 хувьд хүрлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хий” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ. Насны бүлгээр авч үзвэл 3 настай хүүхдийн хамрагдалт 46 хувь буюу 33,795, 6 настай хүүхдийнх 45 хувь буюу 33,426, 11 настай хүүхдийнх 40 хувь буюу 31,943, 15 настай хүүхдийнх 30 хувь буюу 18,926 хүүхэд байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хамт ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явц, хамрагдалттай танилцлаа.

НАС, ХӨГЖЛИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ҮЗЛЭГ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Энэ удаагийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна. Үзлэгээр хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна гурван настай хүүхдийн хөгжлийн болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг, зургаан настай хүүхдийн зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэлийг, 11 настай хүүхдийн нурууны муруйлт, хавтгай тавхайг, 15 настай хүүхдийн сэтгэл зүй, бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлнэ. Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад шаардлагатай мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байгаа бөгөөд урьдчилан бөглөх асуумжийн тусламжтайгаар хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг нарийвчлан тодорхойлох боломж бүрдэж байна.

ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮР ДҮН НЬ ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ХОЛБОХОД ОРШИНО

Энэхүү үзлэгийн гол онцлог нь хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус, сурч, хөгжиж буй цэцэрлэг, сургуулийн орчинд нь эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байгаад оршино. Ингэснээр хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах боломжийг нэмэгдүүлж байна. Эрт илрүүлгийн үр дүнг зөвхөн үзлэгт хамрагдсан хүүхдийн тоогоор хэмжихгүй. Харин эрсдэл, өөрчлөлт илэрсэн хүүхэд бүрийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбож, шаардлагатай эмчилгээ, хяналтыг үргэлжлүүлэх нь хамгийн чухал юм.

Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн товлол болон зардлын төлбөрийн хэмжээ, түүнийг санхүүжүүлэх журам” батлагдсан нь үзлэгийг зохион байгуулах, санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байна. Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нь эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих, цаашид үүсэж болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ товлосон үзлэгт хамруулахад анхаарч, цэцэрлэг, сургууль болон эрүүл мэндийн байгууллагууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь чухал байна. Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг жил бүр тогтмол зохион байгуулж, хүүхэд бүрд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулан, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах тогтолцоог бэхжүүлэхээр зорьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН