Дунд сургуулийн сурагчдын шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор зохион байгуулдаг уламжлалт “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн өнгөрөгч бямба гаригт нийслэлийн Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд зохион байгууллаа.
ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулсан уг тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн буюу 9-12 насны 220 гаруй сурагч оролцлоо. Сургууль бүрээс найман хүнтэй нийт 27 баг шүдээ хэрхэн зөв арчлах, шүд эрүүл байхын ач тус зэрэг амны хөндөийн эрүүл мэндийн чиглэлээрх мэдлэг мэдээллээ хуваалцаж, шүдээ хэрхэн зөв угааж чадаж буйгаа харууллаа.
Тэмцээний нээлтэд оролцсон ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн дарга Д.Долгормаа нар “Шүд угаалтын аварга” хэмээх онцгой тэмцээний оролцогч багуудад амжилт хүсч хэлсэн үгэндээ нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаанаас үзэхэд сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн шүд цоорох өвчний тархалт 86.2 буюу өндөр түвшинд гарсныг дуулгаад өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, арга хэмжээ авах нь хамгийн чухал бөгөөд шүд цоорохоос өмнө шүдийг зөв угааж сурах хэрэгтэй учраас шүд угаахыг хүүхэд бүрт зааж сургах нь чухал болоод байгааг онцолж байлаа.
Тэмцээний үеэр хүүхдүүд жигнэмэг идэж шүдэнд зориудаар өнгөр суулгасны дараа бүгд адил нэг төрлийн сойзоор угааж цэвэрлэсний дараа шүдийг тусгай зориулалтын будагч бодисоор будаж гэрэлд шалгаж шүдээ хэрхэн зөв угаасныг мэргэжлийн эмч нар шүүж оноо өгч багийн нийлбэр дүнг гаргахад Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн “Үүлэн цагаан” баг түрүүлж, БЗД-ийн 48 дугаар сургуулийн “Shiny teeth” баг хоёрдугаар байр, БЗД-ийн 33 дугаар сургуулийн “Бяцхан шүднүүд” баг гуравдугаар байр эзэллээ. Тэмцээний “Шилдэг оролцогч”-оор Налайх дүүргийн 109 дүгээр сургуулиас хоёр, 48 дугаар сургуулиас нэг сурагч тодорч, шилдэг хувцаслалттай багаар Багануур дүүргийн сургууль шалгарсан.
Шүд угаалтын аварга” тэмцээнд оролцсон сурагчид амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгээ үе тэнгийн найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж, шүдээ зөв угаах аргын талаар заах сургагч багшаар ажиллах юм.