Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 60 жилийн ойд зориулсан “Өв уламжлалаас өнөө ба ирээдүй” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2026.10.16/-нд Төрийн ордны Их Монгол танхимд боллоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хурлын үеэр хэлсэн үгэндээ мэдрэлийн мэс заслын салбарын ололт амжилтыг бататгаж, цаашдын хөгжлийг шинэ шатанд хүргэхийн чухлыг онцоллоо.
Тэрээр“Монгол Улсын мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний чадавх сайжирч байгаа хэдий ч гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай хэвээр байгаа зарим нарийн төвөгтэй мэс заслын тусламжийг эх орондоо олон улсын түвшинд чанартай, аюулгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлага бидний өмнө байна.”
Мөн тархины гэмтэл, харвалт, хавдрын шалтгаант нас баралт, хөгжлийн бэрхшээлийг бууруулах, төрөлжсөн тусламж, үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй хүргэх, өндөр ур чадвартай хүний нөөцийг тогтвортой бэлтгэх нь салбарын нэн тэргүүний зорилт болохыг тэмдэглэв.
“Өндөр ур чадвартай хүний нөөцийг тогтвортой бэлтгэх, дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, төрөлжсөн тусламж, үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй хүргэх нь салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэл юм.”
Мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэхэд төр, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн холбоод, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал гэдгийг сайд онцоллоо.
Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан тус эрдэм шинжилгээний хуралд салбарын эрдэмтэн судлаачид, ахмад болон залуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, мэдрэлийн мэс заслын өнөөгийн ололт амжилт, дэвшилтэт технологи, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэв.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: 1966 онд үндэс суурь нь тавигдсан мэдрэлийн мэс заслын салбар өнөөдөр үе үеийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хөгжиж, тархи, нугас, мэдрэлийн тогтолцооны өвчнийг оношлох, эмчлэх чадавхаа тасралтгүй нэмэгдүүлж ирлээ. Энэхүү хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад үеийнхэндээ болон өнөөдөр энэ салбарт хүчин зүтгэж буй нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ гүн талархал илэрхийлье.





