Нүүр хуудасМэдээЭ.Содномпилжээд 120 сая төгрөг, 3 өрөө байр, бусад тамирчдад 60-30 сая төгрөг,...

Э.Содномпилжээд 120 сая төгрөг, 3 өрөө байр, бусад тамирчдад 60-30 сая төгрөг, 2 өрөө байр олголоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцсон баг тамирчдаа хүлээн авч уулзлаа. 

“Токио-2020” зуны олимпод манай улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдөж, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэнээр амжилтаараа 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, медалийн тоогоороо 47 дугаар байрт шалгарсан юм. Токиогийн олимпын мөнгөн медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Иран гаралтай Саид Моллай, хүрэл медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар хүртсэн юм.

Харин үүний дараа “Токио-2020” зуны паралимпын XVI наадам болж манай баг тамирчид таеквондо, пауэрлифтинг , байт харваа, жүдо, хөнгөн атлетик, буудлага гэсэн спортын 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7 тамирчин өрсөлдсөн. Энэ наадмаас пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын Монгол Улсын 2 дахь аварга болсон юм. Мөн паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-д хүч үзсэн Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-д өрсөлдсөн Х.Энхтуяа нар паралимпын шагналт байр эзэлсэн. Ингэснээр Монгол Улс паралимпын наадамд оролцсон 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарсан юм.

Ингээд Засгийн газраас тамирчин дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай тогтоолын дагуу:

  • Паралимпоос алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд 120 сая төгрөг болон гурван өрөө байрны батламж,
  • Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллайд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,  
  • Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгт 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж, 
  • Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж тус тус гардууллаа. 

Мөн  

  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулагыг 60 сая төгрөгөөр тус тус шагналаа. 

Түүнчлэн олимпын наадамд амжилттай оролцож шагналт тавдугаар байр эзэлсэн тамирчдыг тус бүр 20 сая төгрөгөөр шагнасан юм. Тухайлбал, боксийн эрэгтэйчүүдийн -57 кг жинд өрсөлдөж, шагналт тавдугаар байрт орсон тамирчин Э.Цэндбаатарт 20 сая төгрөгийн батламж гардууллаа. Токиогийн олимпод шүүгчээр ажилласан шүүгчид болон баг тамирчдын хувцсыг урласан Мишел Амазонка компанийн баг хамт олныг мөн шагнаж урамшуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН