Нүүр хуудасМэдээАмралтын өдрүүдэд ААН-үүд гадна талбайгаа цэвэрлэнэ

Амралтын өдрүүдэд ААН-үүд гадна талбайгаа цэвэрлэнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Өдөрлөг нь “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэй болох талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон мэдээллээ.

Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайд болох “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгт 40 гаруй ААН, байгууллагууд оролцож, гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулах юм.

Мөн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62-р тогтоолын дагуу төрийн байгууллагууд хэрэгжүүлж буй ажлаа танилцуулна. Энэ өдрүүдэд иргэд, ААН, байгууллагуудад дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, “Ногоон зээлийн сан”-гаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний түгээлт борлуулалтын цэгийн мэдээлэл, орон байраа дулаалах зөвлөмж, тасалгааны цэцэг, мод үрсэлгээний талаарх зөвлөмж, мэдээллийг нэг дороос авах боломжтойг хэлж байна. Мөн 5000 дугуйчны парад, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн олон үйл ажиллагаа зохиогдох талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон мэдээлэл өглөө.

Мөн энэ өдөр ААН, байгууллагууд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, байгууллагын хана, фасад, цонх, хаягжилт, сандал, хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж, чийгшүүлэх ажлыг хийнэ. Нийслэлийн харьяа газар, агентлагууд хуваарийн дагуу Туул, Дунд голын дагуу цэвэрлэгээ хийх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН