Улс орны аюулгүй байдал гэдэг зөвхөн хил хязгаар, батлан хамгаалах салбараар хэмжигддэг цаг ард хоцорчээ. Мэдээллийн үнэн зөвийг ялгах, нийгмийн эв нэгдлийг хангах, иргэн-төрийн итгэлцлийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээг хамарсан шинэ цагийн сорилтууд бидний өмнө байна.
Энэхүү сорилтод дасан зохицож, иргэн бүрийн оролцоонд тулгуурласан үндэсний дархлааг бий болгох аюулгүй байдлын салбарын талаарх хэвшмэл ойлголтыг өөрчилхүйц “Аюулгүй байдал – иргэдийн оролцоо” үндэсний хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Тус хөтөлбөрийн бодлого, чиглэлийг аюулгүй байдлын салбарын судлаач, шинжээч, эрдэмтдэд таниулах зорилготой нээлтийн хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөсөн юм. Хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга С.Батболд болон Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Бат-Эрдэнэ нар нээж үг хэлсэн, хөтөлбөрийн стратегийн ач холбогдлыг онцгойлон тэмдэглэв.
Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар “Шинэ дэлхий – Шинэ Монгол” сэдвээр илтгэл тавьж, дэлхий дахины өөрчлөлт шинэчлэлтийн дунд манай улс хэрхэн байр сууриа тодорхойлох талаар чухал санаануудыг хөндсөн юм. Мөн орчин үеийн аюулгүй байдлын нэгэн шинэ хэмжүүр болох “Когнитив аюулгүй байдал: Үндэсний аюулгүй байдлын шинэ домайн” сэдвээр ҮТИС-ийн проректор, аюулгүй байдал судлаач П.Мягмарсүрэн илтгэж, тус илтгэлд доктор, профессор Б.Эрдэнэчимэг, судлаач Б.Мөнхбаяр нар академик санал шүүмж өрнүүлсэн нь хэлэлцүүлгийг улам бүр сонирхолтой болгов.
Түүнчлэн Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал, доктор, профессор Д.Баасандамба “Үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги: иргэдийн оролцоо” сэдвээр илтгэж, уг илтгэлд доктор, профессор П.Мягмардорж, судлаач Э.Наранцацралт нар академик дүгнэлт хийснээр салбарын эрдэмтдийн дунд өргөн хүрээний мэтгэлцээн өрнөлөө.
Иргэдийн эх оронч үзэл, үнэт зүйлд тулгуурласан энэхүү хөтөлбөр нь аюулгүй байдлын салбарт цоо шинэ хандлагыг нэвтрүүлж байна














