Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан шинэхэн “Дэлхийн эрсдэлийн тайлан 2026”-д ойрын хоёр жилийн хугацаанд хүн төрөлхтөнд нүүрлэх хамгийн ноцтой эрсдэлээр “Гео-эдийн засгийн сөргөлдөөн”-ийг нэрлэжээ. Судалгаанд оролцсон 1300 гаруй шинжээч, удирдагчдын 18 хувь нь үүнийг 2026 онд дэлхийн хэмжээний бодит хямрал өдөөх хамгийн өндөр магадлалтай, тэргүүлэх эрсдэл гэж үзсэн байна. Түүнчлэн нийт удирдагчдын 50 хувь нь ойрын хоёр жилд дэлхийн нөхцөл байдлыг “шуургатай” эсвэл “тогтворгүй” байна гэж таамагласан нь уг асуудал ямар хурцадмал байгааг тоо баримтаар давхар баталж байна.
Өнөөгийн дэлхий нийт нэг туйлт тогтолцооноос олон туйлт тогтолцоо руу шилжиж байгаа энэ үед улс орнуудын хамтын ажиллагаа суларч, өрсөлдөөний шинэ эрин үе эхэлж байна. Олон талт байгууллагуудын нөлөө суларч, дэлхий дахинд итгэлцэл алдарч байгаа нь орчин үеийн геополитикийн хурцадмал байдлыг улам дэвэргэж байгаа бөгөөд улс орнууд олон улсын дүрмээс илүүтэйгээр ганц талын арга хэмжээ авах нь эрс нэмэгджээ.
Улс орнууд эдийн засгийг стратегийн давуу тал олох зэвсэг болгон ашиглах хандлага хамгийн түгээмэл ажиглагдаж байна. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, худалдааны өндөр татвар ногдуулах, хориг арга хэмжээ авах зэрэг нь бие биеийнхээ эсрэг ашигладаг гол хэрэгсэл боллоо. Үүний зэрэгцээ засгийн газрууд өөрсдийн эдийн засгийг хамгаалах үүднээс эрчим хүч, хүнс, ховор металл болон ашигт малтмалын нөөцийг их хэмжээгээр бүрдүүлэх, нөөцлөх бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж эхлээд байна.
Ялангуяа эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай стратегийн ашигт малтмалыг олж авахын төлөөх өрсөлдөөн нь үнийн огцом өсөлт, дипломат болон арилжааны ноцтой дарамтуудыг үүсгэх гол шалтгаан болж байна. Энэхүү гео-эдийн засгийн сөргөлдөөн нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд маш том доголдол үүсгэж байгаа бөгөөд тайланд дурдсанаар “системийн ач холбогдолтой нийлүүлэлтийн сүлжээний доголдол” гэх эрсдэл хоёр жилийн хугацааны хэтийн төлөвт 3 байраар урагшилж, илүү ноцтой түвшинд хүрчээ.
Энэхүү сөргөлдөөний хор уршиг нь зөвхөн хэдэн том гүрний асуудлаар хязгаарлагдахгүй бөгөөд инфляцын өсөлт, эдийн засгийн уналт зэрэг санхүүгийн ноцтой үр дагавруудыг дагуулж, нийгмийн тэгш бус байдлыг улам бүр гүнзгийрүүлж байна. Иргэд болон засгийн газар хоорондын нийгмийн гэрээ суларч, эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэй дотоодын нийгмийн тогтворгүй байдал нь улс орнуудын хувьд жинхэнэ сорилт болж хувирлаа.
Дүгнэж хэлэхэд, бид цэргийн мөргөлдөөнөөс дутахгүй хор хөнөөлтэй “Гео-эдийн засгийн дайн”-ын эрин үед албан ёсоор хөл тавьжээ. Олон улсын хамтын ажиллагаа дутагдсан энэ үед уг асуудал нь дэлхий даяараа бараа бүтээгдэхүүний хомсдол, эдийн засгийн хямралтай нүүр тулах үндсэн шалтгаан болж байна.





